Төсвийн байнгын хороо яг одоо /2022.04.28/ яаралтайгаар хуралдах гэж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд тодотгол хийх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Энэ удаа төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Энэ жил бид нэгдүгээр сард тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотой нэг удаа төсвийн тодотгол хийсэн. Тэр үед бид 630 тэрбум төгрөгийн зохицуулалтын төсөв дотроо хийсэн. Нийт балансад өөрчлөлт ороогүй. Үүн дотор бид 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэмнэлтийг энэ жилийн санхүүжих дүнгээс хийж байсан.
Энэ удаа нийтдээ 518 тэрбум, үндсэндээ нийлээд 860 тэрбум төгрөгийн энэ жил санхүүжих дүнгээс хасагдаж байгаа юм. Энэ удаад баримталсан зарчмыг би танд танилцуулъя.
Энэ жил хэрэгжээд үргэлжлээд явж байгаа төслөөс нэгийг ч хасаагүй. Төслөөр нь ч тэр, энэ жил санхүүжих дүнгээр нь ч хасаагүй. Ингэж хасах юм бол дараа дараагийн жилүүдийн төсөвт нэмэгдэж өндөр эрсдэл гардаг учраас аль болох бушуухан дуусгах зарчим баримталсан. Одоогоор ямар нэгэн шалтгаанаар гэрээ нь хийгдэж амжаагүй, тендер зарлаад оролцогч ирээгүй 91 төсөл арга хэмжээг бүрэн зогсоосон. Нийтдээ 106 тэрбум төгрөг. Бусад төсөл арга хэмжээний хувьд одоогоор гэрээ нь хийгдэж амжаагүй , гэрээ нь хийгдэж амжаагүй ч мэдэгдэл нь хүргэгдсэн, ойрын хугацаанд хийгдэх гэж байгаа бүсад бүхий л төсөл арга хэмжээнүүдийг хасаагүй. Харин энэ жил санхүүжих дүнг 80 хувиар бууруулсан. 91 төсөл арга хэмжээнд
- Төрийн байгууллагын тоног төхөөрөмж 18 төсөл
- Төрийн байгууллагын их засвар 12 төсөл
- Соёлын төв барих 7 төсөл
- Контор барих 6
- Үүрэн холбоо 6 төсөл
- ТЭЗҮ Ерөнхий төлөвлөгөө 5 төсөл
- Орон нутгийн тохижилт 4 төсөл
- Ахмадын хөгжлийн төв 3 төсөл
- Соёлын байгууламж 3 төсөл
- Бизнес инкубатор 3 төсөл
- Нийтийн эзэмшлийн зам талбай 3 төсөл
- Цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай 3 төсөл
- Усан бассейн 2 төсөл
- Авто буудал 2 төсөл
- Гүүрэн гарц 2 төсөл
- Спортын ордон 2
- Мэдээллийн төв 1
- Айргийн өргөө 1
- Авто граж 1 төсөл гэх мэт нийт 91 төсөл, арга хэмжээ бүрэн зогссон. Нийтдээ энэ жил санхүүжиж, эхлэх байсан 518 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэмнэлтийг энэ удаа оруулж байна” гэсэн билээ.