Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүд /Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг/-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 25 /2022.04.25/-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Иймд өчигдөр /2022.04.27/ Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч хэд, хэдэн шалтгаанаар шийдвэр гаргаж чадалгүй тарсан.
-ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛЫН ЯРИА ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ АВЧ ҮЛДЭХ ӨНГӨ АЯCЫГ ИЛЭРХИЙЛЭВ-
Энэ талаар тус дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил “Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор болон албаны хүмүүс бидний асуултад тодорхой нэмэлт тодруулгыг өгөх боллоо.
Түдгэлзүүлэх гэж буй гишүүд хэргийнхээ талаар ойлголтгүй байна.
Учир нь уржигдар 16.00, 18.00, 20.00 цагт яллагдагчаар татсан протколтой танилцсан. Зарим нь бүр тогтоолтойгоо танилцаагүй байна. Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн тогтоолтойгоо танилцаагүй. Өнөөдөр өмгөөлөгчтэйгээ очиж тогтоолтой танилцана гэж хэлсэн.
Бид ганц прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Бүрэн эрх нь орж ирж буй хүмүүс тайлбараа хэлэх эрхтэй. Гэтэл тэд нар тайлбар өгөх бололцоогүй байна. Тиймээс нэмэлт тайлбар авахаар боллоо. Үүнд үндэслэн шийдвэр гаргана. Мөн Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр дөрвөн гишүүнтэй хуралдсан учир шийдвэр гаргаж болохгүй байна. Нууц санал хураалт болно. Хоёр, хоёроороо тэнцчихвэл санал тэнцээд шийдвэр гаргаж болохгүй. Халдашгүй байдлын дэд хороо сондгой тоотой гишүүнтэй байдаг нь учиртай. Өмнөх тогтсон заншлаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргаж байсан. Халдашгүй байдлын дэд хорооны дарга өнөөдөр эрүүл мэндийн асуудлаар ирж чадаагүй.
Маргааш, нөгөөдрөөс ирэх байх. Тэгэхээр нь хуулийн хүрээндээ багтан шийдвэр гаргана. Бидний шийдвэрт үндэслэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар шийдвэр гарах учраас бидний дүгнэлт үндэслэлтэй байх ёстой. Итгэл үнэмшлээр дүгнэлтээ гаргана” гэсэн юм.
-Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭНЭЭС НЬ Ч МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ "ТЭДНИЙ СУРГААР ЯЛЛАХ" ГЭЖ БАЙНА ГЭЖ ГИШҮҮДИЙН ИХЭНХ НЬ ҮЗЭЖ БАЙГАА АЖ-
Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр эсвэл маргаашийн аль нэгэнд нь хуралдах нь. Харин энэ хорооноос шийдвэр гараагүй учраас өнөөдөр /2022.04.28/ товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан хойшлоод байна.
Энэ удаа дөрвөн гишүүний асуудлын намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхгүй шууд байнгын хорооноос чуулган руу оруулж хаалттай хэлэлцээд дуусгана гэх мэдээлэл байгаа юм.
Харин дээрх гишүүдийг авч үлдэх эсэх талаар зарим эх сурвалжаас тодруулахад, "Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэнчлэн үндэслэлгүй, гишүүд мэдээлэлгүй, итгэл үнэмшилгүй байна гэх үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй байхаар МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн гэх мэдээлэл байна.
Тодруулбал, тус гишүүдийн нэгийг ч хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй зүгээр л сургаар яллах гэж байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзэж буй аж.
Мөн үндэслэл гэж том шалтгаан бий бөгөөд Н.Алтанхуяг гишүүнийг л гэхэд 2013 онд Ерөнхий сайд байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 227 км замыг хүлээж авахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэх үндэслэлээр шалгах гэж байгаа гэх. Энэ мэт асуудлууд бий учраас МАН-ын бүлгийн ихэнх гишүүд дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдэхээр тохирсон талаар саарал ордонд ярьж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд бүлгийн гишүүддээ хандан уг асуудлаар задгай саналтай орох, авч үлдсэн хүмүүст хариуцлага тооцно зэргээр хэлсэн гэдэг ч санал хураалт эцэстээ нууцаар явагдах юм. Юу болохыг ирэх өдрүүдийн үйл явдал харуулна.