Г.Амартүвшин: Намайг “Вертекс Майнинг партнер” компанид 33 тэрбумын зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан юм байна

Г.Амартүвшин: Намайг “Вертекс Майнинг партнер” компанид 33 тэрбумын зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан юм байна

Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт гаргасан. Тодруулбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр яллагдагчаар татагдаад буй дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна. Дөрвөн гишүүнийг нэг нэгээр нь дуудаж, түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байгаа юм. Дөнгөж сая Г.Амартүвшиний гишүүн хуралдаанаас гарч ирлээ.  

Тэрбээр “Өөрийнхөө байр суурийг илэрхийлээд гараад ирлээ. "Вертекс Майнинг партнер” компанид давуу байдал үүсгэсэн. Улсад их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм байна. Гэтэл одоо тэр 33 тэрбум төгрөгөөс одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй. Энэ хугацаанд 9.6 тэрбумын зээлийн хүү төлсөн байдаг. Анх батлагдаж байх үеийн барьцаа хөрөнгө хэвээрээ л байж байгаа. Тийм болохоор яаж хохирол учруулсан нь бас тодорхой биш байна. Хөгжлийн банк, арилжааны банк ч бай дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны найман гишүүн хуралдаж байгаад хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг нь үндэслээд ТУЗ-ийн есөн гишүүн хуралдаж шийдвэр гаргадаг. Нийт 17 хүн зээлийн шийдвэр гаргахад оролцдог" гэв.