Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газрыг “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч одоо 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн төдийгүй аль хэдийн 1m2 үнийг 2,9-3,7 сая төгрөгөөр "нууцхан" зараад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.
2020 оны есдүгээр сард Нийслэлийн засаг даргын үүргийн орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энд энд Жи” констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж болгох захирамж гаргасан. Гэвч “Эм энд Жи” констракшн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.
Ингээд 2021 оны гуравдугаар сард буюу Д.Сумъяабазар хотын даргын үед Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хэлэлцээд “Эм энд Жи” констракшны талд шийдвэрлэсэн.
Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэвч Нийслэлийн засаг дарга давж заалдах хүсэлт өгөлгүй, "чимээгүй" өнгөрсөн байгаа юм. Тэгвэл өчигдөр /2022.04.26/ хотын дарга Д.Сумъяабазар Ntv телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэр сэтгүүлч усан паркийн асуудлыг хөндсөн ч тэрбээр тоймтой хариу өгсөнгүй. Тодруулбал, сэтгүүлч “Усан парк барина гэж газар аваад одоо орон сууц барьж буй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу” гэхэд тэрбээр
“Шүүх барилгын ажлаа үргэлжлүүл гээд шийдвэр гаргачихсан. Одоо ихэнх нь тэгж байна. Цуцлах арга хэмжээ авъя. Ингээд л асуудалд орж байгаа юм. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Төр зөвшөөрлөө өгчихсөн газар дээр компани байшин барьчихдаг. Буцааж авбал бид нөхөн олговор олгох ёстой” гэхэд сэтгүүлч дахин “газар эзэмших эрхийг нь цуцлах уу” гэхэд “Одоо асуудал ороод ирж байна. Хүсэлт ч их ирж байна. Ерөнхий архитектур, төлөвлөлт дээрээ анх усан парк чигээр нь явуулна гэж танилцуулга хийж байсан юм байна лээ. Гэх мэтчилэн Улаанбаатар хотын зовлон их байна” гэсэн юм. Товчхондоо, “Эм энд Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох давж заалдах шатны шүүхэд тэрбээр хүсэлт гаргаагүй тэрбээр, цуцлах эсэх нь эргэлзээтэй "бөөрөнхий" хариулт өгөөд өнгөрөв.