БАРИМТ: Б.Бат-Эрдэнийн аав Ц.Бат-Өлзий "50 саяын тендерт шалгараад буй компаниа" хүүгээ сайд болсноос 3 хоногийн дараа шилжүүлжээ

БАРИМТ: Б.Бат-Эрдэнийн аав Ц.Бат-Өлзий "50 саяын тендерт шалгараад буй компаниа" хүүгээ сайд болсноос 3 хоногийн дараа шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Б.Бат-Эрдэнэ аавдаа 50 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер өгсөн талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад буй.

-УДАА ДАРАА ТЕНДЕРТ ОРОЛЦООД ШАЛГАРЧ БАЙГААГҮЙ “ИТГЭЛТ ТӨГӨЛ” ХХК Б.БАТ-ЭРДЭНИЙГ САЙД БОЛСНЫ ДАРАА 50 САЯЫН ТЕНДЕР АВЧЭЭ-

Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ сайдын аав Ц.Бат-Өлзийгийн “Итгэлт төгөл” ХХК нь энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр БОАЖ-ийн яамны Усны газраас зарласан 50 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Улз голын Тээгийн боомтын байгаль орчны нарийвчилсан судалгаа хийх” тендерт шалгарсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тус тендерт “Итгэлт төгөл”, “Глобал-Энвайрон”, “Эхмонголын байгаль”, “Саннитрейд” гэх компаниуд оролцсон бөгөөд Б.Бат-Эрдэнэ сайдын аав Ц.Бат-Өлзийгийн нэр дээр бүртгэлтэй байсан “Итгэлт төгөл” ХХК “хамгийн сайнаар үнэлэгдсэн” хэмээн шалгарчээ.

“Итгэлт төгөл” компани 50 сая төгрөгийн тендерт шалгарчээ. 2022.04.05

Харин энэхүү мэдээллийг Б.Бат-Эрдэнэ сайд үгүйсгэж, “Манай аавд компани байхгүй. Тэтгэвэрт байдаг” гэх тайлбарыг өгсөн юм.

Б.Бат-Эрдэнэ сайдын мэдэгдэл: 

Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайдын үгүйсгээд байгаа “Итгэлт төгөл” ХХК-ийн захирлаар түүний аав Ц.Бат-Өлзий нь ажиллаж байгаад хүүгээ сайдын албан тушаалд томилогдсоны дараахан захирлын ажлаа бусдад шилжүүлсэн байж болзошгүй байна.

Б.Бат-Эрдэнэ сайдын аав Ц.Бат-Өлзий “Итгэлт төгөл” компанийн захирал байжээ.

Тодотговол, Б.Бат-Эрдэнэ нь 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр БОАЖ-ийн сайдаар томилогдсон. Харин үүнээс гурав хоногийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Итгэл төгөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Өлзий нь Б.Нарангэрэл гэх хүнд гүйцэтгэх захирлын албаа шилжүүлсэн байх аж.

Б.Бат-Эрдэнийг БОАЖЯ-ны сайдаар томилогдсоноос 3 хоногийн дараа буюу 2022 оны Нэгдүгээр сарын 21-ны өдөр “Итгэлт төгөл” компанийн захирлаар Б.Нарангэрэл бүртгүүлжээ.

Хачирхалтай нь, улсаас зарласан олон тендерт удаа дараа оролцоод шалгарч байгаагүй /холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/ “Итгэл төгөл” ХХК нь Б.Бат-Эрдэнийг сайд болж, аав нь тус компани гүйцэтгэх захирлын ажлаа өгсний дараа БОАЖЯ-ны Усны газрын тендерт шалгарсан байгаа юм. Үүнээс үзэхэд Б.Бат-Эрдэнэ нь “Итгэл төгөл” ХХК-аас аавынхаа нэрийг сугалж, улмаар тендерт шалгарахад нь нөлөөлөв үү гэх хардлага ч олон нийтийн дунд төрж буй нь юм.

“Итгэлт төгөл” компани өмнө нь улсаас зарласан олон тендерт оролцоод хасагдаж байжээ

-“ИТГЭЛ ТӨГӨЛ” КОМПАНИЙ “БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ” ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БАЙЖЭЭ-

Усны газраас зарласан 50 сая төгрөгийн үнэ бүхий тендерт шалгараад буй “Итгэл төгөл” ХХК-ийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх” зөвшөөрлийн хугацаа дууссан байхад нь шалгаруулсан байж магадгүй байна. Тодруулбал Улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд “Итгэл төгөл” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвшөөрлийн хугацааг 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр /2017.07.06-2020.07.06/ хүртэл гэж бичжээ.

Сонирхуулахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа шууд томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Иймд Үндсэн хуулийн дагуу БОАЖ-ийн сайдаар Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилсон юм. Харин түүнийг эл албанд томилоход Б.Бат-Эрдэнийн аав “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх” компанитай байгаа нь эрх ашгийн зөрчил биш байв уу гэдэг нь ч мөн анхаарал татаж байна.