Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандаж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургадугаар сардаа багтаан Үндсэн хуулийг өөрчлөхөөр намууд санал нэгдсэн бөгөөд Т.Доржханд тэргүүтэй нөхдөөр шаардуулсан болж жүжиглэж буй гэх. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоорондын хугацаа нь найман жил. Гэтэл эрх баригчид 2020 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд хоёр жил ч өнгөрөөгүй байна.
Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. Ташрамд дурдахад, өөрчлөлтийг хийхдээ Засгийн газрын гишүүдийг 100 хувь эсвэл 50 хувь “давхар дээл”-тэй байх асуудлыг эцсийн байдлаар тохироогүй байгаа аж. Ямартай ч хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
- УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний өчигдрийн мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
- Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог" тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох зэрэг асуудлыг голлон ярих аж.
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.
Бид энэ агуулгын хүрээнд судлаач нарын байр, суурийг сонсож байна. Энэ удаа улс төр судлаач О.Чулуунбилэг уригдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцав.
ВИДЕО:
Тэрбээр "1992 оны Үндсэн хууль батлагдах үеийн хүн амд тооцож 76 гэх тоог тогтоосон. Түүнээс хойш хүн амын тоо сая орчмоор нэмэгдсэн ч УИХ-ын гишүүдийнх нь тоо хэвээрээ. Манайх шиг жижиг парламентыг олон улсад "давжаа парламент" гэдэг. Энэ нь хангалтгүй гэсэн үг. УИХ-ын гишүүд цөөн байхын хэрээр нэг гишүүнд ирэх эрх мэдэл, саналын үнэ цэнэ харьцангуй өндөр болдог. Энэ нь улс төрийн зах зээлд их хортой. Учир нь элдэв төрлийн лоббинд амархан ордог. Хуралд ирсэн гишүүдийнхээ 51 хувиас дээш хувиар тодорхой хууль баталлаа гэхэд идэвхтэй 20 гаруй гишүүн хууль баталчхаад байна. Бусад нь хуралдаа ирдэггүй Ерөнхийлөгч шиг тааллаараа байх маягтай. Гишүүдийнхээ тоог нэмж байж хариуцлага нэмэх нь зайлшгүй. Мөн олон улсын нөхцөл байдал хүндэрч шинэ хүйтэн дайн эхэлсэн. Манай хоёр хөршийн асуудал их хүнд байна. Ийм тохиолдолд парламентын засаглалаа авч үлдэх, тодорхой геополитикийн дарамтаас гарахын тулд аль болох олон гишүүнтэй байх, том парламенттай байх, парламентын чадамжийг нэмэх гэдэг утгаараа гишүүдийнхээ тоог нэмэх нь зайлшгүй чухал. Олон улсын жишгийг бодсон ч манайх гурван сая хүнтэй учир 120-150 гишүүн байх ёстой. Яг энэ түвшиндээ хүргэх ёстой гэж харж байна" гэв.
Харин сонгуулийн тогтолцооны талаар ярихдаа "Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувийн саналыг авсан нам төрийн эрх мэдлийг 100 хувь авч байна. Манай одоогийн тогтолцоо болохгүй байна. Мөн 76 жижиг Чингис хаан, Ерөнхий сайдтай болчихоод улс орны бодлогыг явуулдаггүй. Дандаа тархай, бутархай нэг, нэг тойргийн бодлого явдаг. Ялангуяа төсөв хэлэлцэх цагаар энэ их аюултай. Манайд хөгжлийн мега төслүүд хэрэгждэггүйн том шалтгаан нь төсвийг жижиг, жижгээр хэрчиж 76 хуваадаг тогтолцооноос болоод байна. Тэгэхээр тогтолцоогоо өөрчилж холимог болгох нь зөв. Гэхдээ холимог дотроо ямар байх вэ гэдэг нь сонин. Миний мэдэхийн 100 гаруй төрлийн холимог тогтолцоо бий. Холимог тогтолцоо гэхээрээ 2024 онд дахин яаж ялах вэ гэж тоо бодоод өөрчлөлтийг хийвэл бүр л ухралт болно.
Гэхдээ намын жагсаалтаар ордог нь тийм сайн тогтолцоо биш. Нам жагсаалтаа гаргаад Монгол улсын нийт сонгогчдоор эрэмбэлүүлээд хамгийн олон санал авсан хүмүүсээ жагсаалтаар оруулж болно. Энэ мэт гаргалгааг сайн ярилцаж, үндэсний хэмжээнд зөвшилцөж байж өөрчлөх ёстой юм" гэлээ.