УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.
ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан уг албан бичгийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.
2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан энэхүү журмын тухай хууль нь зарим маргааныг бүрэн цэглэсэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон харилцаа, аливаа үйл ажиллагааг нэг бүрчлэн зохицуулсан, чандлан мөрдвөл зохих хууль болсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг энэ хуульд бүрэн нийцүүлж, хууль зүйн зөрчил, маргаангүйгээр шийдвэрлэх нь зүй ёсны шаардлага болно. Харамсалтай нь Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна.
Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хороодын санал дүгнэлтийг сонслоо. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн бол Хуульзүйн байнгын хороо Хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьт хүрээд байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн 3/2 нь хүлээж авах боломжгүй гэж үзвэл хоригийг буцаах юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоригийг хэсэгчилж авъя гэдэг санал байна. МАН-ынхан минь бидэнтэй бидэнгүй хоёр амлалтаа биелүүл. Амьдралаа сайжруул, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хий
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлсэн бүрээр нь бүлгийн шийдвэрээ гаргаж байсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучуудаа, гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж ирсэн. Энэ дагуу бид Ерөнхийлөгчөөс саналыг нь авч мөн АН-ын зөвлөлийн саналыг авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Зөвшилцөх ажлын хэсэгт Ц.Нямдорж сайд орж ажилласан. Зөвшилцлөө гээд бидэнд саналаа хүртэл оруулж ирсэн. Төд удалгүй Ц.Нямдорж сайд өөрөө зөвшилцлийг хүлээж авахгүй гээд бүлэг дээр хэлж санал хураалгаад өөрийнхөө талд шийдүүлсэн. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хамаг муу муухайгаа сөрөг хүчиндээ наах гэдгээ болих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, алдаагаа зас
ШУУД ҮЗЭХ: