Улсын ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд байгаа.
Энэ талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Миний хувьд та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар оруулдаг. Тав хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын дэд хороо хурал зарлах байх. Ямар нэгэн асуудалд холбогдсон, нотлох, шалгуулах шаардлагатай гишүүд асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, эргээд УИХ-д орж ирэх нь нээлттэй. УИХ-д таван удаа сонгогдсон гишүүний хувьд тийм л байр суурьтай байдаг. Аливаа асуудалд холбогдсон бол УИХ-ны гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулаад үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй" гэлээ.