“ОХУ Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засаг тулгарч буй сорилтууд” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт олон улсын судлаач, эдийн засагчид оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зорилгын талаар судлаачийн хувьд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин геополитикийн эцсийн зорилгоо 2007 онд Мюнхений олон улсын аюулгүй байдлын бага хурал дээр тунхагласан. Энэ үеэр тэрбээр "Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын задрал бол 20-р зууны геополитикийн хамгийн том сүйрэл. Хамгийн том эмгэнэл юм” гэж хэлсэн. Энэ бол ЗХУ-ыг буцааж сэргээнэ гэсэн л зорилго.
Тэр зорилгод хамгийн том саад болж байсан улс бол Украин. Украинд ердөө хоёрхон сонголт байсан. Нэг бол Оросыг дагаж, Оросын Украин байна. Нөгөө нь Европын Украин байх.
Европын холбооны гишүүн болно гэж өөрийгөө тунхагласан Украин яахаараа Оросын ард түмний өмнө буруутан байх ёстой юм. ОХУ ерөөсөө Украиныг хэсэгчлэн хувааж захирах зорилготой. Ийм л байдлаар дайн өрнөсөн. Геополитикийн томоохон зорилгоос үүссэн дайн. В.Путины эцсийн зорилго бол Жо Байдентай шууд нутаг дэвсгэрийн, геополитикийн наймаа хийх” гэв.