Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай, Ё.Баатарбилэгийг авилгатай, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үедээ гаргасан шийдвэртэй нь холбоотой асуудлаар түдгэлзүүлэх санал гаргасан аж.
Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр УИХ-ын дарга дээр нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх бичиг ирсэн гэж сонссон. Харин их хурлын удирдлагуудтай одоогоор уулзаагүй, мэдээлэл алга байна. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгсөн. Ямар нэгэн байдлаар шалгаж байгаа ажил дээр саад учруулсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор хамаагүй мэдээлэл өгч болохгүй" гэлээ.
Түүнийг Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ талаар "НВЦ-ын Ц.Баатарбилэг бид хоёр олон жилийн найзууд. Найз маань 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Тэр үед зээл авахад нь нөлөөлсөн зүйл надад байхгүй. Нэгэнт энэ асуудал их хурал дээр ороод ирсэн болохоор асуудал нэг тийш шийдэгдэх байх. Ямартай ч ийм асуудалд нэр холбогдож байгаад харамсаж байна" гэлээ.