Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар "LRT төслөө хамгаалж, заавал хэрэгжүүлнэ" гэж хэлээд МАН-ын бүлгийн хурлаас гарч явжээ

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар "LRT төслөө хамгаалж, заавал хэрэгжүүлнэ" гэж хэлээд МАН-ын бүлгийн хурлаас гарч явжээ

Түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй LRT төслийн төсвийн асуудлыг МАН-ын бүлгийн өнөөдөр /2022.04.25/-ийн хурлаар хэлэлцэж, түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Уг асуудал нь УИХ-ын гишүүдийн дунд ширүүн маргаан өрнүүлж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр яригдсан юм. 

Тэгвэл өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож LRT төслөө хамгаалсан байр, суурийг илэрхийлсэн бөгөөд заавал хэрэгжүүлэх болно гэж хэлээд хурлаас гарч явжээ.

Учир нь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь уг төслийг дэмжихгүй, судлах шаардлагатай гэдгээ илэрхийлж байгаа юм. Тус төсөлд нийт 2,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс эхний ээлжинд 18 км замын шугамыг барихад зарцуулах 900 орчим сая ам.долларыг Хятадаас зээлэх юм.

Үүнд нь Засгийн газар баталгаа гаргаж өгөх бөгөөд улсын өр нэмэгдэх эрсдэлтэй гэж зарим гишүүд тооцож байна. Энэ ч шалтгаанаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг төслийг байнгын хорооны түвшинд хассан байгаа юм. 

Харин өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ярилцсаны дүнд уг төслийн талаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Яарч төсөв дагуулаад шийдэж болохгүй. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарган Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай. Тэгэхээр хууль зүй, санхүү, улс төр, иргэдийн дэмжлэг байгаа эсэхээр судалгаа хийж шийдлээ гаргана. Засгийн газар том шийдлээ хэрэгжүүлнэ гэж хэлээд гарсан. Харин бүлгийн гишүүд LRT төсөл дээр түргэдэж, дэмжинэ, дэмжихгүй гэх шийдвэрийг гаргаж болохгүй байна" гэсэн юм.