С.Бямбацогт: LRT төсөлд 2.5 тэрбум долларыг зарцуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь шүүмжлэлтэй байна

С.Бямбацогт: LRT төсөлд 2.5 тэрбум долларыг зарцуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь шүүмжлэлтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нэвтрүүлэх гэж буй LRT төслийг хэрэгжүүлэх, төсвийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр, сууриа илэрхийлэхдээ "LRT төслийн танилцуулга хийгдэж байна. Мэдээлэл багатай байна. Нийтдээ 2.5 тэрбум доллароор барина гэж ярьж байна. Эхний ээлжинд 18 км шугамыг 900 орчим сая доллароор барина гэсэн. Үүнд иргэд олон нийт, УИХ-ын гишүүдийн олонх нь шүүмжлэлтэй байгаа. Гэхдээ гарцаагүй хэрэгтэй төсөл. Өөр боломжит хувилбарууд юу байна талаар нэлээн нухацтай ярилцах ёстой.  Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул гол дагуу хурдны зам барих хэрэгтэй. Түүнийхээ яг хойгуур 22-ын товчооноос Баянхошуу, Толгойт, Хайлааст, 7 буудал, Дарь-Эх, Цагаан даваа, Улиастайг руу чиглэсэн тойрог замтай болчихмоор байна. Мөн Санзайгаас Их тэнгэрийн ам хүртэл хурдны тусгай замтай болчихмоор байна. Энэ ажлыг нэг жилд хийчихнэ. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн.  Тэнгэрийн тойрог гэж шүүмжлэлтэй төслийг өмнө нь ярьж байна. 

Харин LRT төслийн хувьд 2.5 тэрбум доллар зарцуулна үүнээс эхэлж 500 саяыг нь Хятадаас зээлж барих гэж буй нь буруу гэж үзэх гишүүд байна. Үүний оронд Тэнгэрийн тойрог төслийнхөө хүрээнд Бага тойрууг давхар замтай болгоё ч гэж байна. Үүн дээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгөө гаргаад барьчихье гэж байгаа. Засгийн газраас баталгаа шаардахгүй, өр нэмэгдэхгүй, улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй хийчихье гэж байгаа төслүүд ч бий шүү дээ. Энэ мэт бүх төслийг харьцуулж ярих хэрэгтэй байна" гэлээ.