МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.04.25/ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжжээ. Гэхдээ тус хуулиуд ач холбогдлын хувьд их учраас ажлын хэсэг гаргахаар болжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт 2022 оны төсөв түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Үүнд Төсвийн байнгын хороогоор нэгдсэн журмаар хэлэлцээгүй нэг тогтоол бий. Тэр Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой асуудал байсан. Энэ асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар нэлээн нухацтай хэлэлцжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Түгжрэлийг бууруулахтай холбоотой асуудал учраас Нийслэлийн удирдлагуудыг хуралд байлцуулж сүүлийн үед яригдаад буй LRT төслийн танилцуулгыг сонссон. Ингээд ярилцсаны дүнд уг төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Яарч төсөв дагуулаад шийдэж болохгүй. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарган Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай. Хөнгөн галт тэрэг, Тавантолгой дулааны станцтай холбоотой асуудал бий. Үүний дараа ямар шийдвэр гаргахаа бүлэг дахин хэлэлцэж байж шийднэ. Зөрүүтэй мэдээлэл бий. Тэгэхээр хууль зүй, санхүү, улс төр, иргэдийн дэмжлэг байгаа эсэхээр судалгаа хийж шийдлээ гаргана. Уг төсөл хэрэгжсэнээр улсын өрийг нэмэгдүүлэх гээд байгаа юм биш. Гэхдээ болгоомжлол бий. Засгийн газар том шийдлээ хэрэгжүүлнэ гэж хэлээд гарсан. Харин бүлгийн гишүүд LRT төсөл дээр түргэдэж, дэмжинэ, дэмжихгүй гэх шийдвэрийг гаргаж болохгүй байна" гэлээ.
ВИДЕО: