Д.Ганбат: Засгийн газрын өр 40 их наядад хүрлээ. Асуудал хүндэрсэн

Д.Ганбат: Засгийн газрын өр 40 их наядад хүрлээ. Асуудал хүндэрсэн

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэдэг. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж дууссан байна. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ардчилсан намын бүлэг гурван асуудлыг хэлэлцлээ. 2022 оны Төсвийн тухай хуулийн тодотгол, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа. 

2022 оны төсөвт гурав дахь удаагаа тодотгол хийх гэж байна. Энэ төсвийг анх УИХ-д оруулж ирэхэд нь Ардчилсан намын бүлгээс хэлж байсан. Тухайлбал, "Гүүрсний экспортын хэмжээгээ хэтрүүлсэн байна. Их өөдрөгөөр төсөөлсөн байна" гэж хэлсэн. 38 сая тонн нүүрс гаргана гэж тооцсон байсан. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна.  Хуулиараа төсөв тодотгох хэд, хэдэн заалт бий. Гэтэл энэ заалтуудад аль ч нийцэхгүй байна.  Хоёр хөршдөө айлчлаад асуудлаа тохироод явах ёстой. Хилийн бүсүүдээр хэд, хэдэн сайд явлаа. Нэг ч үр дүн гарсангүй.

Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа ч хандлага нь буруу байна. Тухайлбал, Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн. Төсвийн тодотголоороо 7 их наядыг нэмэхээр 33.9 их наяд болж байна. Үүнд Монгол банкны своп ороогүй. Энэ өр орвол 40 их наяд болох нь. Тэгэхээр өрийн асуудал хүндэрсэн. 

Засгийн газар шинэчлэлийн шинж чанартай ажлыг хийгээч гэдэг зөвлөмжийг Ардчилсан намын бүлгээс гаргаж байна. Боомтын гацааг гаргаж, экспортын гарцыг нэмэхгүй бол асуудал илүү хүндрэхээр байгаа" гэлээ.