"Ээлжийн амралтаараа эхнэр, нөхрийнхөө нутагт очсон бол замын зардлыг нь олгоно гэж хуульд заасан байдаг нь үнэн"

"Ээлжийн амралтаараа эхнэр, нөхрийнхөө нутагт очсон бол замын зардлыг нь олгоно гэж хуульд заасан байдаг нь үнэн"

Улсын их хурлын Баасан гарагийн нэгдсэн чуулган үргэлжилж байна. Яг одоо Засгийн газраас өргөн барьсан Төсвийн хэмнэлтийн хуулийн талаар гишүүд асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Өнөөдөр та бүхэн ирсэн уриа лоозон тунхгийн шинж чанартай, нийгэмд таалагдах гэсэн аахар шаахар зүйлүүдийг хуульд оруулаад байж болохгүй. Хууль, хуулийн дотроос хамгийн поп хууль нь энэ гэж би харж байна. Төсвийн тухай, Эрүүгийн тухай хуулиудад угаасаа тодруулаад оруулчихсан зүйлүүдийг та нар дахин тунхаглаад оруулж ирээд байж болохгүй. Төсвийн хөрөнгийг зориулалтаар бусаар зарцуулах талаар хуульд заасан байдаг. Эрүүгийн тухай хуульд заачихсан. Төсвийн тухай хууль дээр бүгдийг нь тодорхой заачихсан. Гэтэл хэн нь дутуу боловсруулаад хэн нь уянгын халилтай зүйлүүд оруулж ирээд байдаг юм бэ. Энд сууж байгаа Сангийн яамны долоон дарга долуулаа төрийн албанд доод тал нь 10 гаруй ажил ажиллаж байгаа гэж би харж байгаа. Гэтэл төрийн албан хаагчдын хэзээ ч авч байгаагүй хангамжийг авч байсан юм шиг бичээд байна. Худал мэдээлэл цацаад хуульд оруулж ирээд байж болохгүй. Монголын төрийн албыг ингэж доромжилж болохгүй.

Төрийн тусгай алба, үйлчилгээний алба, захиргааны алба хаагчид хэзээ байтлаа та нарын бичиж, одоо хориглоод байгаа зүүл заалт шиг тэр тусгай хангамжуудыг авч байсан юм бэ. Хэзээ байтлаа та долоо гадаадад нисэхдээ бизнесийн ангиллаар явж байсан юм.

Хэзээ ээлжийнхээ амралтаараа эхнэр, нөхрийнхөө нутагт очихдоо төрөөр даалгуулаад байсан юм. Хэзээ байтлаа гар утасныхаа зардлыг Монголын төрийн алба хаагчид төрөөр даалгуулж байсан юм. Байхгүй зүйлийг та нар байгаа юм шигээр бичиж байна. Бүх төрийн алба хаагчид зөвхөн энгийн ангиллаар ниснэ гэж оруулж ирсэн мөртлөө төсвийн ерөнхийлөн  захирагч сайд нар нисэж болно гээд оруулаад ирж байна” гэв.  

Түүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуллаа.  Тэрбээр “Бид хий хоосон, байхгүй зүйлсийг зохиож оруулж ирээгүй. Төрийн албаны тухай хуулийн 59.1.6 дээр ээлжийн амралтаараа өөрийн эсвэл эхнэр, нөхрийн төрсөн нутагт явахад ирэх очих, замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөгдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно гэж заасан байдаг.

Төрийн өмчит компанийн захирлуудын гар утасны зардлыг компани төлдөг. Бизнесийн янз бүрийн арга хэмжээний зардлыг бүгдийг нь төлдөг. Төрийн өмчит компаниудын захирлууд бизнес ангиллаар нисэж байна” гэв.