Өнөөдөр /2022.04.22/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон АН-ын удирдлагууд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайдаар уламжлан АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандан Монгол Улсын зарим нэг Төрийн өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүдийг Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Манай улсад төрийн томоохон албан тушаалтнуудын холбогдсон хэргүүд хуулийн байгууллагаар ороод алга болдог. Өнөөдөр ганц Монгол улсын хүрээнд биш Олон улсын хэмжээнд эдийн засгийн мөнгө угаах улс орон дамжсан томоохон сүлжээ үүссэн байна. Тухайлбал, Х.Баттулга, С.Энхболд нар ОХУ-ын томоохон албан тушаалтантай хамтарч, мөнгө угаасан байж болзошгүй. Энэ нь ямар ч хяналт шалгалтгүй 2 сая ам.доллар бэлнээр хилээр оруулж ирсэн. Энэхүү их хэмжээний валют шалгалтгүй орж ирж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тус гэмт хэргийг шалгахад Монгол улсын хууль зүйн байгууллага дан ганц шалгаж чадахгүй байгаа тул Европын холбоо болон АНУ-ын холбогдох байгууллагад хандаж байна” гэв.