УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэж байна. Яг одоо Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн талаар гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Төрийн хэмнэлт нэрийн дор төрийн албыг хүчгүй, үнэ цэнэгүй болгож огт болохгүй. Төрийн алба бол үнэхээр ачаалал ихтэй, цалин багатай хүнд алба. Гэтэл яг ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс төрийн хэмнэлтийн хуулийн дор цомхтголд орох, эсвэл цалин хөлс нь буурчих вий дээ. Энэ дээр та бүхэн хэр анхаарч ажиллаж байна вэ. Хэмнэлт дор өдөр шөнөгүй ажиллаж байгаа үйлчилгээний алба хаагчид, төрийн албанд үнэхээр хариуцлагатай ажилладаг хүмүүс ажилгүй болчих вий. Энэ асуудалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хэр анхаарч ажиллаж байна вэ” гэв.
Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сайд хариуллаа. Тэрбээр “Хэмнэлтийн хуульд дэд дарга, орлогч дарга нарыг цомхтгоно гэсэн агуулга орж байгаа. Орон тоо давхацсан, чиг үүрэг адилхан байвал нэгтгэх нь зүйтэй. Нэн ялангуяа захиргааны алба цомхон, чадварлаг байх ёстой гэдэгтбүгд санал нийлж байгаа байх. Таны хэлж буй үйлчилгээний, бага тушаалын алба хаагчид үнэхээрийн ачаалал өндөр байдаг, ажил нь их байдаг хүмүүстээ төр өөрөө анхаарах ёстой гэдэг дээр санал нэг байна" гэв.