УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлаар зарчмын зөрүүтэй зургаан саналыг хураах юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Иргэд хяналт шалгалтад итгэхээ больсон. Энэ хууль нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий. Онцлоход, 2010 онд Эмнэлгийн хэрэгслийн хуулийг баталсан. Төрөөс эмийн талаарх бодлогыг гаргасан. Эргээд харахад урьдчилан сэргийлэх хяналтаар 2016 онд 519 нэр төрлийн эмийн бүртгэл бүртгэгдээгүй. Энэ хуулийг гаргаж ирснээр эмийн хяналтыг яах вэ. Төлөвлөгөөт хяналтыг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй.
МХЕГ лаборатори байгуулах төсөв мөнгөө хурдан шийдээд, хил гаальд лаборатори байгуулах ёстой. Боомтуудад зөвхөн гааль ажиллаж байна. МХЕГ хил дээр ажиллахаа больсон. Эмээр олон жил бизнес хийж, төлөөлөгч нараа яам тамгын газар оруулчихсан бүлэг үүсчихсэн. Эм эмнэлгийн хяналтын түр хороог байгуулах тогтоолын төслийг санаачилж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД "Энэ хууль гарснаар эмийн салбарт хяналт шалгалт хийхээ болино гэсэн үг биш. Их эрсдэлтэйгээс бусад объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй гэж байгаа. Эмийн хувьд төлөвлөгөөт шалгалт тогтмол явагдана" гэлээ.