Өчигдөр /2022.04.20/ УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй намын төлөөллүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруул” гэх шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж буйгаа мэдэгдсэн.
-ҮНДСЭН ХУУЛЬД ДӨРВӨН АГУУЛГААР ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙНЭ-
Уг үйл явдлаас нэг дүгнэлтийг хийж болно. Энэ нь УИХ-ын гишүүн Т.Доржханд идэвхи гаргаж,Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм биш. Энэ бол эрх баригч намын захиалга бөгөөд бүгдийнх нь хүсэл аж.
Одоо ХҮН тэргүүтэй намуудын төлөөллийн тавьсан шаардлагын дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процесс эхэлнэ. Тэр нь ирэх тав, зургадугаар сар байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Тодруулбал, УИХ-д суудалтай намууд буюу МАН, АН, Хөдөлмөрийн үндэсний нам мөн УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад санал нэгдсэн байна. Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлах ч хэрэгжүүлж эхлэх хугацааг нь 2024 он гэж ярьж буй билээ. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан даруйгаас дагаж, мөрдвөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч мэдэх учраас зарим эрсдэлийг тооцсон бөгөөд гуравхан жилийн өмнө МАН, АН-гүй “давхар дээл”-ийг эсэргүүцэж дуу нэгтэйгээр өөрчилсөн. Гэтэл шүлс нь ч хатаж амжаагүй байтал “давхар дээл”-гүй бол бүтэхгүй нь гэх зүйлийг ярьж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж буй нь мэдээж олны шүүмжлэлтэй тулгарахад хүрнэ.
Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. Ташрамд дурдахад, өөрчлөлтийг хийхдээ Засгийн газрын гишүүдийг 100 хувь эсвэл 50 хувь “давхар дээл”-тэй байх асуудлыг эцсийн байдлаар тохироогүй байгаа аж. Ямартай ч хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
- УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний өчигдрийн мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
- Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог" тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох зэрэг асуудлыг голлон ярих аж.
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.
-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ АН-ААР УИХ-Д ӨРГӨН БАРИУЛЖ, МАН-ЫНХАН ИДЭВХ ГАРГАХААР ТОХИРЧЭЭ-
Үндсэн хуулийн өөрчлөлтийг Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүдээр УИХ-д өргөн бариулахаар тохирсон гэх мэдээлэл бий.
МАН-ынхан өөрчлөлтийг өргөн барьвал нийгмээс ирэх “гал”-д өртөж мэдэх учраас бамбай болгож АН-ын бүлгийн гишүүдийг урдаа барьжээ. Гэхдээ МАН-ынхан хөшигний ард идэвхтэй байна. Гишүүд нь ч санал нэгдсэн.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ном журмын дагуу холбогдох хуулийг өргөн барьж, шат дараатай хэлэлцүүл гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар тохирсон гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд д Цагаан сарын золголтын үеэр зарим хэвлэлийнхнийг хүлээн авч уулзахдаа “Парламентын засаглалыг үргэлж дэмжинэ. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж парламентын хараа, хяналт сайжирна хэмээн үзэж” байгаа тухайгаа хэлсэн байдаг.