Б.Баттогтох: Увсчууддаа Инээдмийн баярын мэнд хүргэх гэж л "пранк" бичлэг хийсэн юм

Б.Баттогтох: Увсчууддаа Инээдмийн баярын мэнд хүргэх гэж л "пранк" бичлэг хийсэн юм

Сүүлийн үед цахим сүлжээнд трэнд болоод буй “пранк байсан юм” бичлэгийн эзэн Б.Баттогтохтой ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн Улаангом хотод ажиллаж, амьдардаг эгэл жирийн залуучуудын төлөөлөл бөгөөд бичлэгүүдээрээ дамжуулан нийгэмд бага ч гэсэн эерэг хандлага, эерэг “гэрэл” нэмэхийг хүсдэг хэмээн ярьсан юм.

ВИДЕО: 

-ХҮМҮҮСИЙН ШҮҮМЖЛЭЛД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДАЖ, ХИЧЭЭХ БОЛНО-

-Сүүлийн үед таны “пранк”/prank/ бичлэг цахим сүлжээнд нэлээдгүй хандалт аваад байгаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Б.Баттогтох гэдэг. Одоо Увс аймгийн Улаангом хотод амьдарч байна. Хувиараа бизнес эрхэлдэг эгэл жирийн залуучуудын төлөөлөл.

-Таныг бас DJ  хийдэг гэж сонсож байсан?

-Тийм ээ. Оройн цагаар DJ хийдэг. DJ хийгээд одоо бараг гурван жил болж байна. Хөгжимд маш их дуртай, сонирхолтой. Сонирхлынхоо дагуу DJ хийгээд явж байна даа.

-Инээдмийн баярын өдөр “пранк” бичлэг цацагдсан. Ер нь ийм бичлэг хийх санаа, сэдэл хэрхэн төрөв?

-Өмнө нь би Мартын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр охид, бүсгүйчүүдээ баярлуулж буй бичлэг хийж байсан. Харин дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Увсчууддаа инээдмийн баярын мэнд хүргээд “пранк” хийсэн юм. Санааг нь би гаргасан. Ер нь өмнө нь манай аймагт хэн ч “пранк” бичлэг хийж байгаагүй. Тийм болохоор иймэрхүү юм хийе гэж найз нөхөдтэйгөө зөвлөлдөж байгаад  бичлэгээ цацсан.

-Бичлэг цацагдсаны дараа маш олон хүний хандалт авсан байсан. Мөн шүүмжилж буй хүмүүс ч цөөнгүй харагдаж байсан?

-Тийм ээ. Анх “Увсчууд” сайт дээр бичлэгээ нийтэлсэн. Бичлэгээ хийж байхдаа ч, цацсаны дараа ч ийм их хүний хандалт авна гэж бодоогүй. Зүгээр л Увсынхаа ард түмэнд инээдмийн баярын мэнд хүргэх зорилготой байсан юм. Маш олон хүн үзсэн байсан. Тэр ч утгаараа маш олон сөрөг сэтгэгдэл надад ирж байгаа. “Наад юм аа одоо болиоч ээ” гэх мэт янз бүрээр доромжилсон  чатууд ч ирсэн. Тэр болгоныг тоохгүйг хичээж байгаа. Сөрөг сэтгэгдэл бүрт ач холбогдол өгөөд байвал өөрөө л стрессдэнэ шүү дээ. Гэхдээ цаашдаа анхаарах зүйлс зөндөө байгаа. Хүмүүсийн шүүмжид авах гээхийн гээхийн ухаанаар хандаж, хичээх болно.

Б.Баттогтох

-НИЙГЭМД, ЗАЛУУЧУУДАД ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛОХ БИЧЛЭГҮҮДИЙГ ЦААШДАА ХИЙНЭ- 

-Бичлэгийг тань үзсэн гэр бүл, таньдаг хүмүүс тань ямар сэтгэгдэл хэлж байна?

-Дэмжих нэг нь дэмжиж байгаа. Гэхдээ зарим ойр дотнын болон ялангуяа хамаатан саднын настай хүмүүс “Юу хийгээд яваад байгаа юм. Наад бичлэгээ одоо боль” гэж хэлсэн. Хүмүүс өөр өөрсдийн өнцгөөр дүгнэх байх. Би хийдгээрээ л хийж, хүмүүст инээд бэлэглэн, нийгэмд бага ч гэсэн эерэг хандлага төрүүлэх гэж хичээх болно.

-“Пранк Тогтохоо” дуу гаргажээ гэсэн бичлэг хэд хоногийн өмнө мөн цацагдсан. Үнэхээр дуу гаргасан юм уу?

-Би өөрөө ч мэдээгүй. Ажлаа хийгээд явж байтал танил дүү маань тэр дууны бичлэгийг цацчихсан байсан. Гэхдээ би ч өмнө нь “Пранк байсан юм” гээд хөгжилтэй, хөнгөхөн дуу гаргая гэж бодож байсан юм.

-Цаашдаа энэ төрлийн бичлэгээ үргэлжлүүлэн хийх үү?

-Нэгэнт эхэлчихсэн. Цаашдаа ч нэлээн олон бичлэг хийнэ гэж бодож, төлөвлөж байгаа. Хүмүүс ч бас чи ганцхан “пранк” хийхээсээ илүү нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлсэн, бусдад тусалж, баярлуулж буй бичлэг хийгээч ээ гэж хэлж байгаа. Нийгэмд, залуучуудад үлгэр дууриал болох бичлэгүүдийг цаашдаа хийнэ. Санаа бол зөндөө байгаа.

-Та залуу хүний хувьд нийгэмд бага ч гэсэн эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.  Ер нь залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Зөв л байгаасай гэж хэлмээр байна. Зарим залуус маань архи, дарс гэх мэт хортой зүйлсэд татагдаж, зодоон нүдээн хийж байна. Болох, болохгүй зүйлсийг сэдэж байна. Гэхдээ олонх нь сайн сайханд тэмүүлж байгаа. Залуучууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, ирээдүй дүү нарынхаа сайн сайхны төлөө дуугарч чадаж байна. Засгийн газар нь жаахан л дэмжээд өгвөл Монгол Улсыг хөгжүүлэх залуус олон байгаа гэдэгт итгэж байна. Мөн миний бичлэгийг үзэж урмын үг хэлж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа