2022 оны Төсвийн төсөлд тодотгол хийх шийдвэрийг гаргаж, Сангийн яамнаас ажиллаж буй. Уг тодотголоор төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн зарим зардлыг танах /машин, тавилга, эд хэрэглэл худалдаж авахыг болиулах/ шаардлагагүй төсөвт хөрөнгүүдийг цуцлах, дэд дарга, орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээг авах юм. Тэгвэл яг одоо /2022.04.19/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийн тодотголтой танилцаж байна. Сангийн яамнаас тодотголыг хийж дуусч байгаа аж.
"Ажлаа хий" жагсаалын үеэр залуусын зүгээс УИХ, Засгийн газрыг өөрсдөө хэмнэхийг шаардсан. Энэ дагуу төсөвт тодотгол хийх гэж буй. Үүнээс гадна Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг энэ долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барих юм.
Энэ хуулиар дараах зүйлсийг зохицуулна.
Тодруулбал,
- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ. Орон нутагт томилтоор ажиллахдаа том оврын машин хэрэглэнэ.
- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадны улс руу томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.