Оросуудад олзлогдсон Их Британийн хоёр байлдагч өөрсдийг нь В.Медведчукаар солилцож авахыг Борис Жонсоноос хүсжээ

Оросуудад олзлогдсон Их Британийн хоёр байлдагч өөрсдийг нь В.Медведчукаар солилцож авахыг Борис Жонсоноос хүсжээ

Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон гэх Их Британийн хоёр байлдагчийн бичлэгийг өчигдөр/2022.04.18/ тус улсын төрийн мэдлийн "Россия 24" сувгаар цацжээ.  

Их Британийн иргэн болох Шон Пиннер, Аиден Аслин нар Мариуполь хотод Оросын эсрэг байлдаж байсан ч  хэд хоногийн өмнө Азовсталь гангийн үйлдвэрээс баригдсан байна. Бичлэгээр дамжуулан тэд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоноос өөрсдийг нь Оросын талыг баримтлагч Виктор Медведчукаар солилцохыг хүсжээ.

Тодруулбал, Шон Пиннер “Хэрэв Борис Жонсон та үнэхээр Их Британийн иргэдийн талаар ярьж байгаа шигээ санаа тавьдаг бол Зеленскийг зөв зүйл хийхийг шахаж, Виктор Медведчукаар биднийг солилцохыг хүсэж байна. Би эхнэр, гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзмаар байна” гэсэн байна.  

Одоогоор Их Британийн Засгийн газар, Гадаад хэргийн яам уг бичлэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоон хоногт Оросыг дэмжигч томоохон улс төрч болох Виктор Медведчукийг баривчилснаа мэдэгдсэн. Украины Аюулгүй байдлын албаны твиттер хуудсанд нийтлэгдсэн бичлэгт Виктор Медведчук өөрийг нь Мариуполь хотын хамгаалагчид болон оршин суугчдаар солилцохыг Украин, ОХУ-ын ерөнхийлөгчдөөс хүссэн юм.

Эх сурвалж: AFP