Монголд байгуулах био лабораторийн "албан ёсны ивээн тэтгэгч" нь Азийн хөгжлийн банк гэж Оросын хэвлэлд “гүтгэжээ”

Монголд байгуулах био лабораторийн "албан ёсны ивээн тэтгэгч" нь Азийн хөгжлийн банк гэж Оросын хэвлэлд “гүтгэжээ”

ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүдээр сүүлийн үед “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улсын нутаг дэвсгэрт биологийн лаборатори байгуулах тухай асуудал яригдсан” гэх мэдээлэл гарч эхлээд буй. Тэгвэл энэ талаарх мэдээлэл ОХУ, Украин руу түрэмгийлэхээс өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын зарим хэвлэлээр цацагдаж байжээ.

Тодруулбал, ОХУ-тай холбогдох байгууллага, сэтгүүлчдийн бэлтгэн гаргадаг “mongolnow” мэдээллийн сайтад 2022 оны нэгдүгээр сарын 26 /2022.01.26/-ны өдөр АНУ Казахстан улсын Алматы хот болон Жамбылскийн районы нутаг дэвсгэрт биологийн лаборатори байгуулан туршилт хийж байгаа гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Харин мэдээллийн төгсгөлд “Одоогоор Монгол Улсад ийм лаборатори байхгүй. Гэвч АНУ Монгол Улсын татан оролцуулахаар төлөвлөж байна” гэжээ/ЭНД дарж уншина уу/. 

Үүний дараахан буюу өнгөрсөн гуравдугаар сарын 23 /2022.03.23/-ны өдөр ОХУ-ын “Известия” болон “Regnum” зэрэг томоохон хэвлэлүүдэд “АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны шинэ био лаборатори Монголд бий болж магадгүй” гэх нийтлэл гарсан байгаа юм.

“Regnum” сайт “Известия” сонинд гарсан мэдээллийг иш татахдаа “ОХУ, БНХАУ-тай хиллэдэг бүс нутгуудад түгээмэл тохиолддог аюултай халдварт бодисыг судлахын тулд АНУ Монголд био лаборатори байгуулах гэж байна /ялангуяа тахал, холер, хумхаа, гепатит, коронавирус зэрэг халдварт өвчин/. Био програмын гол үйлчлүүлэгч нь АНУ-ын Зэвсэгт хүчний Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн Анагаах ухааны албаны эмнэлгийн хэлтэс, USAMD-AFRIMS байх болно.

Эцсийн дүндээ АНУ Монголыг бүс нутгийн тахлын хяналтын тогтолцооны нэг хэсэг болгох гэж байна. Үүнд Бутан, Бангладеш, Вьетнам, Камбож, Лаос, Филиппин аль хэдийн нэгдсэн байна.

Монголын вирус судлаач, микро биологичдод зориулсан сургалтуудыг Зүүн Европт тодруулбал, Гүрж юм уу Украинд зохион байгуулах ёстой байв. USAMD-AFRIMS нь эдгээр мужид оффисуудтай. Монгол Улсын нийслэлд байгуулах био лабораторийн төслийн "албан ёсны ивээн тэтгэгч" нь Азийн хөгжлийн банк байх магадлалтай. Био аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд судалгааны ажлын дийлэнх хэсгийг Пентагоны ашиг сонирхолд нийцүүлэн хийх болно гэдгийг АНУ нуухыг зорьж байна. Тийм ч учраас төслүүдийг бүс нутгийн зуучлагч, түүнчлэн Вашингтоны Европ дахь түншүүдээр дамжуулан санхүүжүүлэх болно.

Америкчуудын био лаборатори олон оронд байршуулах үйлдэл Хятад, Орос хоёрын аль алиных нь анхаарлыг татсаар ирсэн. Ийнхүү Хятадын ГХЯ Вашингтоноос цэргийн биологийн лабораториудын үйл ажиллагааг ил тод болгохыг шаардсан гэж "Известия"-д бичжээ. "Албан ёсны мэдээллээр АНУ Украины нутаг дэвсгэрт 26 био лаборатори болон бусад тусгай байгууламжтай бөгөөд эдгээрийг Пентагон удирддаг" гэж "China Daily" сонин мэдээлсэн байна. АНУ хүний ​​эрүүл мэндэд ноцтой аюул учруулахын тулд далд арга хэмжээ авч байгааг редакцийн нийтлэлд онцолсон байна” гэжээ.

Мэдээлэлд дурдсан нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.