Ц.Мөнхжаргал: Монголын анхны албино жүжигчин болохыг хүсдэг /ВИДЕО/

Ц.Мөнхжаргал: Монголын анхны албино жүжигчин болохыг хүсдэг /ВИДЕО/

Албино төрсөн ч бууж өгөлгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй Ц.Мөнхжаргал охиныг “Сошиал ID” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “OLIVE YOUNG” Солонгосын гоо сайхны брендийн нүүр царайг шалгаруулах сошиал уралдааны нэгдүгээр шатанд амжилттай оролцож шалгарсан бөгөөд хоёрдугаар шатандаа бэлтгэж байхад нь бид уулзсан юм.

Тэрээр жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрхэн хичээж зүтгэж буй талаараа ийнхүү ярилаа.

ВИДЕО: 

-ЕР НЬ БИ ГАДНАХ ТӨРХӨӨСӨӨ ИЧЭЭД БАЙДАГГҮЙ. ГОО САЙХНЫ ТЭМЦЭЭНД БУСАД ХҮМҮҮС ОРОЛЦОЖ БОЛЖ БАЙХАД ЯАГААД БИ ЧАДАХГҮЙ ГЭЖ-

-Сайн байна уу? Манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэдэндоржийн Мөнхжаргал гэдэг. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангид сурдаг.

-Чиний хувьдOLIVE YOUNG” Солонгосын гоо сайхны брэндийн нүүр царайг шалгаруулах сошиал уралдаанд зургаа явуулсан байсан шүү дээ. Чиний зураг их хандалттай байсан. Хүмүүсийн хүлээж авж байгаа байдал, бичсэн сэтгэгдэл чамд ямар санагдсан бэ?

-Ер нь би гаднах төрхөөсөө ичээд байдаггүй. Хүмүүсийг эерэг сэтгэгдлээр хүлээж авах байх гэсэн төсөөлөлтэй байсан. Бусад хүмүүс чадаад байхад би яагаад болохгүй гэж бодон зургаа явуулсан. Би олон зүйлд өөрийгөө туршиж үзэх дуртай. Хүсэж буй зүйлээ хийхэд хүмүүсийн сэтгэгдэл, юу гэж бодох нь чухал биш санагддаг.

-Оролцож буй тэмцээнийхээ эхний шатанд шалгарсан байсан. Уралдааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач

-Заяа&Билгээ дэлгүүр Солонгос улсаас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ удаа “OLIVE YOUNG” брэндийг Монголдоо оруулж байна. Гэрээгээр тэдний инфлүүсэр охидтай хамт зургаан сарын турш ажиллах, 10 саяын шагналын сантай сонгон шалгаруулалт явуулж байгаа. Шалгарсны дараа сайн ажиллавал урт хугацаанд хамтран ажиллах боломжтой гэсэн.

Ц.Мөнхжаргал

-Тэмцээнд оролцсон зурганд тань олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Сэтгэгдлүүдийг уншиж үзсэн үү?

-Ихэнх хүмүүс “Хөөх Монголд албино байдаг юм уу. Гадаадад л байдаг гэж бодсон шүү дээ. Хаана байж байгаад одоо гарч ирж байгаа юм бэ. Гоё байна” гэсэн байсан. Цөөн хүн “Энэ хүн мөн үү. Сүнс юм биш үү” гэх мэт сэтгэгдэл бичсэн байна лээ. Манай үеийнхэн болон ах эгч нар ойлгоод гайгүй хүлээж авдаг. Зарим нэг 40, 50 орчим насны хүмүүс муухай сэтгэгдэл бичээд байдаг. Намайг зургадугаар ангид байхад манай найз миний зургийг аваад фэйсбүүкт нийтэлсэн. Тэр үед хүмүүс шэйр хийж “Энэ одоо юу вэ. Хүн ийм байх ёсгүй. Сүнс чөтгөр юм биш үү” гэж байсан. Тэр үед үнэхээр муухай санагдсан.

-Нутгийнхан таньдаг болохоор гайгүй байдаг байх. Өөр газарт очоод гадуур явахад хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Сая л гэхэд автобусанд зорчиж явахад “Хүүе ээ албино байна. Хөмсөг, үс бүх юм нь цагаан байдаг гэнэ лээ” гэж шивэр, авир хийж байсан.   

-Таньд энэ байгалийн гоо үзэсгэлэн өвөрмөц төрх нь таалагддаг уу?

-Жаахан байхад хүмүүс хараад шивэр авир гэхэд таалагддаггүй байсан. Одоо байгаа байдалдаа дасаад тоохоо байсан. Гэхдээ хааяа “Би яагаад ийм цагаан юм бэ. Бусад хүмүүстэй адилхан баймаар байна” гэж боддог байсан. Одоо нэг үе ээ бодвол албино хүмүүсийг мэддэг болсон. Тийм болохоор хандлага нь гайгүй болж байгаа.

Ц.Мөнхжаргал

-Албино хүмүүс өдөр муу харах, наранд түлэгдэх гээд асуудлууд байдаг шүү дээ. Энэ нь хүндрэлтэй байдаг уу?

-Мэдээж сурахад бэрхшээл тохиолдоно. Самбар дээрх бичиг харагдахгүй. Сүүлийн үед нэг асуудал тулгамдаад байгаа. Шалгалтын материалаа хардаггүй. Бусад хүүхдүүдтэй яг адилхан цагт хийдэг. Тэгээд шалгалтын материалын зургийг дараад хийхээр багш нар намайг хуулж байна гэж боддог. Тэгээд “Мөнхжаргалаа чи яагаад хуулаад байгаа юм” гэнэ. Тэгээд үнэн учраа тайлбарлаад хэлэхээр “Аан за” гээд хүлээж авдаг даа.

-Сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна?

-Жүжигчин мэргэжилтэй болно.

-Яагаад жүжигчин гэдэг мэргэжлийг сонгох болов.

-Монголд албино байдаг ч жүжигчин болсон нь үгүй. Монголын хамгийн анхны албино жүжигчин болъё бас кино урлагт дуртай болохоор энэ мэргэжлийг сонгоно.  

-Монгол дахь бусад албино хүмүүстэй холбоо тогтоож үзсэн үү?

-Таван хүүхэдтэй холбогддог. Тэдний заримыг багад нь үсийг нь будсан байсан. Тэгээд үс нь яг энгийн хүнийх шиг бор, хар ургадаг болчихсон. Би сонсоод бүр гайхсан. Миний үсийг ээж бас хар будгаар будсан чинь ногоон болоод удалгүй арилчихсан. Үсээ будна гэж бол боддоггүй. Гэхдээ мэргэжлийн шаардлагаар будах ёстой юм шиг байна лээ.

-Үсээ будахад харшлах, биед муугаар нөлөөлдөг үү?  

-Миний арьс наранд түлэгддэг. Түүнээс өөр зовиургүй. Гэхдээ  чанаргүй будгаар будаж болохгүй байха.

-Тэмцээнд оролцоод олны дунд орногэхэд гэр бүлийнхэн болон найз нөхөд нь яаж хүлээж авсан бэ?

-Манай найзууд намайг их дэмждэг. Жүжигчнээр сураарай гэдэг. Харин гэр бүлийнхний хувьд бол анх дургүй байсан. Намайг өөрийгөө сорьж үзээд янз бүрийн тэмцээн уралдаанд ороод ирэнгүүт дэмждэг болсон.

-Яагаад анх дургүйцдаг байсан бэ. Шалтгаан нь яг юу байв.

- Албино хүмүүс чинь төрөхөөсөө хараа муутай. Тиймээс дургүйцдэг.

-Тэмцээнд анх орохдоо ялалт байгуулна гэж бодож байсан гэсэн. Одоо эргэлзээд байгаа гэсэн шүү дээ. Юунаас болоод эргэлзэх болов.

-Сүүлдээ өөртөө итгэх итгэл маань жаахан алдарч байна. Би нүүрээ будъя гэж огт боддоггүй. Тиймээс мэдлэг дутуу. Энэ тэмцээнд надтай өрсөлдөж байгаа охид өөрийгөө гоёор будчихдаг. Блог хийдэг хүмүүс хүртэл байсан. Бүх талаараа надаас илүү юм шиг санагдсан. Мөн мэргэжилдээ эргэлзсэн шалтгаан гэвэл манай сургуулийн багш нар “За Мөнхжаргалаа ер нь бол урлагийн салбар хэцүү. Хэчнээн мянган хүүхдээс тунаж үлдээд ажлын байранд гарч чадаж байгаа хүмүүс хэд билээ. Ер нь дэмий юм биш үү. Өөр мэргэжил сонговол яасан юм бэ?” гэсэн. Яахав намайг бодож зөвлөсөн учраас би жүжигчин мэргэжил сонгохоос эргэлзэж эхэлсэн. 

-Ярилцсанд баярлалаа.