Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан билээ.
Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Энэ талаар УИХ-ын Д.Оюунхоролоос тодруулахад “Төр нь шашнаа, шашин нь төрөө хүндэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Хамгийн сүүлд буюу 2010 онд хийсэн хүн амын нэгдсэн тооллогоор монголчуудын 53 нь буддын шашинтайг тогтоосон. Үүгээр Монгол Улс бурханы шашинтай орон болохыг нь харж болно.
Гандантэгчинлэн хийд, Сүсэгтний холбоогоор дамжуулан 300 000 гаруй сүсэгтэн Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх санал УИХ-ын даргад ирүүлсэн юм билээ. Тэдний хүсэлтийг харгалзаад ийм хуулийн төсөл санаачилсан. НҮБ-ын шийдвэрийн дагуу эл өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Гэтэл бурхны шашинтай монголчууд тэмдэглэдэггүй. Тиймээс бид хуулийн ийм санал өргөн барьсан юм” гэлээ.