Д.Тогтохсүрэн: Гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгаж өөрчлөлт оруулна

Д.Тогтохсүрэн: Гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгаж өөрчлөлт оруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.18/ болж, гурван асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Нэгдүгээрт, “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Монгол Улсад биологийн лабортари байгуулагдсан эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээллийг сонссон. Салбарын сайдын хэлснэээр Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Манай улс тодорхой хэмжээнд энэ асуудлаар олон улсад тайлагнах, илтгэх, үзүүлэхэд бэлэн гэж үзэж байна. Өчигдөр тус яамнаас мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тодорхой мэдээлэл авсан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар бэлтгэж байгаа. Бүлгийн хурлаар өнөөдөр хэлэлцлээ. Тус хуулийн гол өөрчлөлт нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах тухай юм. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлт орж байгаа. Бүлгийн гишүүдээс санал гарсан тул тухайн саналуудыг тусгаад ойрын үед дахин бүлгийн хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Гуравдугаарт, Монгол Улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2022 оны төсөвт тодотгол хийхийг дэмжсэн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар төсвийн тодотголоо боловсруулсан байна. Монгол Улсын 2022 оны төсвийн тодотгол гурван зүйлд чиглэгдэж байна. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих. Хоёрдугаарт, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэхээр тогтлоо. Энэ бол маш чухал ач холбогдолтой гэж намын бүлэг үзэж байна. Бид цаашид хэмнэлтийг зөвхөн тогтоол гаргаад, байгууллага бүр үзэмжээрээ шийдвэл үр дүн багатай байна. Иймээс хууль гаргах нь зүйтэй гэсэн Засгийн газрын саналыг бүлгийн гишүүд дэмжлээ. Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газар бэлтгэсэн байна. Энэхүү төслийг лхагва гарагт Засгийн газар УИХ-д өргөн барина. Ирэх долоо хоногтоо батлахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ” гэв.