ОХУ-ын сенатч К.Косачев саяхан телевизийн ярилцлагад орох үеэрээ, “АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь Украинд байсан лабораториудаа америкчууд монгол руу шилжүүлж байгаа” гэж илт худал мэдэгдлийг хийсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр, “Анх энэ мэдээллийг судлаач эрдэмтэн хүн гаргасан байсан. Орос, Хятадын хэвлэл дээр ч гарсан. ОХУ-аас болон ОУ-ын зохих дүн шинжилгээ хийдэг байгууллагууд хардаж байгаа тус асуудал дээр Монгол Улсад байгаа лаборатори, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад нээлттэй бэлэн байгаа.
Үүнтэй холбогдуулан Монгол улсынхаа хэмжээнд бүхий л төрийн байгууллагууд, агентлаг, яамдууд өөрсдөдөө хэрэгжүүлсэн гаднын төсөл хөтөлбөрүүдийн судалгааг нарийвчлан гаргах мөн хүмүүсийн хардлагыг төрүүлэхүйц ямар ажил хийснийг нягтлах ажил хийсэн. МАН-ын бүлгийн гишүүдэд мөн танилцуулсан.
Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш дэлхий даяар хэвлэлийн PR дайн маш эрчимтэй явж байгааг та бүхэн харж байна. Маш олон хардалтууд бий болж байна. Манай улсын хувьд ардчилсан орон. Бүх зүйл ил тод. Хоёр хөрштэй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай ийм ойр дотно хүмүүсийг хагралдуулсан, хагралдан бутаргах ийм санаанууд явж байхыг үгүйсгэхгүй.
Зарчмын хувьд бол бид энхийг эрхэмлэсэн олон тулгуурт байр сууриа тууштай баримталж байгаагаа илэрхийлэх ,хоёр хөршдөө болон гуравдагч хөршүүдийнхээ харилцааны тэнцвэрийг урьдын адил хангах, аливаа ийм үл ойлголцсон тохиолдолд яаралтай залруулга тайлбарыг өгч байх тал дээр анхаарах хэрэгтэй юм байна” гэв. Мөн АНУ Монголд биологийн лаборатори байгуулсан гэх мэдээлэлд няцаалт өгч байна гэлээ.