Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн боомтуудад ажилласан. Тодруулбал, Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтод ажилласан бөгөөд үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, зургаан сарын туршид гацсан экспортыг энэ сардаа багтаан явуулах зорилготой байсан юм. Х.Нямбаатар сайд ингэж явахдаа нисдэг тэрэг хөлөглөсөн нь олны шүүмжлэлд өртөөд байна.
ВИДЕО:
Учир нь энэ сард болсон "Ажлаа хий" жагсаалын үеэр залуусын зүгээс Засгийн газар, УИХ-ыг төсвөө хэмнэхийг шаардсан. Энэ дагуу Засгийн газар хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж буйгаа мэдэгдэж төсөвт тодотгол хийн тансаг хэрэглээ, зарим зардлаа танахаар болсон билээ. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ хуулиар хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ. Орон нутагт томилтоор ажиллахдаа том оврын машин хэрэглэхээр болсон байдаг. Гэтэл Х.Нямбаатар сайд нисдэг тэрэг хөлөглөж, дагалдуулж олон жийп машин авч явсан нь шүүмжлэл дагуулаад байна.