ТАНИЛЦ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

ТАНИЛЦ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Төсвийн зардлыг хэмнэх тухай дараах шийдвэрүүд гарчээ. Үүнд:

  • Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
  • Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
  • Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
  • Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
  • Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
  • Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
  • Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.

БУСАД ШААРДЛАГУУДЫН ТУХАЙ

Нэг. Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Гурав. Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.