Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал А.Ганбат энэ сарын 1-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаантай болж удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан гэж буй.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдлээ.
Бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна. Түүний төрийн тусгай албанд мэргэшсэн байдал, ажлын туршлагыг харгалзан томилох асуудлыг хэлэлцээд, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд "Өмнөх дарга А.Ганбат хэдхэн сар ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэдхэн сар ажиллаж үзээд, дамжин өнгөрдөг албан үүрэг биш, болохгүй бол эрүүл мэндийн шалтгаанаар гээд ажлаа өгчихдөг байж таарахгүй. Маш чухал энэ албыг удирдахаар шийдсэн бол тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн хуулиараа цэргийн албан хаагч улстөрийн зорилготой үйл ажиллагаанд нэгдэж болохгүй учир улс төрөөс ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах" ёстой гэв. .