МАН-ын бүлэг өчигдөр хуралдах тов зарласан ч байнгын хороо, Засгийн газрын хуралдаантай давхцсан гэх шалтгаанаар хойшлуулсан.
Тэгвэл тус бүлэг өнөөдөр 12.00 цагт хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. МАН-ын бүлэг тус асуудлаар АН-тай зөвшилцөж буй бөгөөд шийдвэр гаргахад хүндхэн нөхцөл байдалтай байгаа аж.
Ерөнхийлөгчийн хоригийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар 14 хоногт багтаан хэлэлцэж эхэлсэн байх ёстой. Энэ хугацаа маргааш дуусна. Тэгэхээр МАН-ын бүлэг уг асуудлаар даруйхан шийдвэр гаргах шаардлага үүсээд буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлэг ард Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр гацаанд орсон гэх.
Тус бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг дахин задалж илүү сайжруулан гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг рүү шилжүүлэх шаардлага гарна. Ингэснээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг бүр эхнээс нь эхлүүлнэ гэсэн үг. Цаг хугацаа орно. Гэтэл төсөв хэлэлцэхээс эхлээд дахин Үндсэн хууль хэлэлцэх цаг, зав хэр бий билээ.
Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гай, гавьяа хоёулаа ирээдүйд МАН-ын толгой дээр бууна. Үүнээс МАН эмээж буй.
Харин хүлээж авахгүй тохиолдолд ард нийтийн санал асуулгыг явуулдагаараа явуулна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд дэмжихгүй эсвэл ирц нь бүрдэхгүй байх өндөр эрсдэлтэй байгаа юм. Хэрвээ иргэд дэмжихгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гацахаас гадна олон тэрбум төгрөг салхинд хийсэх юм.
Тиймээс энэ мэт болгоомжлол эрх баригчдад байна.
Харин Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж буй бөгөөд ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа билээ. Тэд нэгэнт МАН дангаараа хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл нь хэлэлцэж, баталсан төслөө ард түмнээс асуусан юм шиг хэлбэр оруулж улсын төсвийн олон тэрбум төгрөгийг үрэх шаардлагагүй гэж үзэж буй.