Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр өнгөрөгч Даваа гараг /2022.04.04/ шийдвэрлэсэн билээ. Харин тусламжийг ямар шугмаар олгох нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байсан юм.
Тодруулбал, манай Гадаад харилцааны яамнаас Украин улсын Засгийн газарт хандаж "ямар төрлийн тусламж хэрэгтэй байгаа" талаар асуулга явуулсан бол манай сайд нар өөрсдийн удирдаж буй салбарынхаа чиглэлийн дагуу Украинд ямар тусламж үзүүлэх боломжтой талаараа судлаж өчигдөр /2022.04.13/ болсон Засгийн газрын хурлаар танилцуулсан байгаа юм.
Тэгвэл Засгийн газраас олгож буй 200 мянган ам.долларын тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, "Улаан хавирган сар" нийгэмлэгээр дамжуулан "бэлэн" мөнгөөр олгохоор эцсийн шийдэлд хүрсэн байна. Харин тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах ажээ.