Энэ сарын 07-ны өдөр болсон АН-ын ээлжит бус Их хурлаар “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тус намын даргаар батламжилсан” гэж мэдэгдсэн. Иймд түүнийг АН-ын даргаар бүртгүүлэхээр өчигдөр /2022.04.13/Улсын дээд шүүх /УДШ/-д материалыг нь хүлээлгэж өглөө гэж мэдэгдсэн.
Харин нөгөө талд С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан “Х.Баттулгыг тодруулсан сунгаа болон батламжилсан их хурлыг хууль бус” гэж мэдэгдэж буй. Иймд бид Х.Баттулгыг АН-ын даргаар УДШ бүртгэх үү гэсэн асуудлыг хөндөж, улс төрийн намын даргыг өөрчлөн бүртгүүлж, баримт бичигт өөрчлөлт оруулахад УДШ-ээс ямар материалын бүрдүүлбэр шаарддаг болохыг судалж үзлээ.
-ТАМГА НЬ С.ЭРДЭНЭД БАЙДАГ БОЛ АН-ЫН ГЭРЧИЛГЭЭ ДЭЭР С.ЭРДЭНИЙН НЭРЭЭР БҮРТГЭЛТЭЙ Х.БАТТУЛГАД БАЙДАГ БАЙНА-
Тодруулбал, УДШ-ээс намын үүсгэн байгуулсан баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд;
- Өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл
- Баримт бичигт өөрчлөлт оруулах болон үндэслэл шалтгаан, холбогдох баримт
- Өөрчлөлт оруулсан шийдвэр, холбогдох баримт
- Өөрчлөлт орохоос өмнөх, өөрчлөлт орсны дараах мэдээлэл
- Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь
зэрэг материал шаардагддаг байна. Иймд УДШ-ээс шаардсан материалын дагуу АН-аас
- АН-ын гэрчилгээ
- АН-ын Их хурлыг хуралдуулах тухай намын даргын тушаал
- АН-ын Их хурлаар намын даргаа батламжилсан тогтоол шийдвэр, хурлын тэмдэглэл
- АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан албан бичгүүд. Үүнд намын даргын сунгаа зарласан албан бичиг, сунгаанд хэдэн оноогоор хэн ялалт байгуулсныг тодорхойлсон тогтоол
- Их хурлаас байгуулагдсан тооллогын комиссын тогтоол. Үүнд намын даргыг батламжилсан тогтоолыг их хуралд оролцсон төлөөлөгчдийн хэдэн хувь нь дэмжсэн эсэх
- Их хурлын төлөөлөгчдийн материал. Үүнд, төлөөлөгч тус бүрээр анкет, иргэний үнэмлэх, намын батлахын хуулбар
зэрэг материалуудыг бүрдүүлж, албан ёсны тамгыг дарж УДШ-д хүргүүлдэг байна. Үүнээс үзвэл улсын бүртгэлд одоо ч бүртгэлтэй байгаа С.Эрдэнэ АН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулах тушаал гаргаж, гарсан шийдвэр тогтоол дээр албан ёсны тамгыг дарах ёстой аж. Иймд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэхээр материалын бүрдүүлбэр дутуу явжээ.
АН-ын УБ-ийн гэрчилгээн дээр УДШ-ийн 2017-оны 3-р сард гарсан 01-тоот тогтоолыг үндэслэн АН-ын дарга С.Эрдэнэ гэж бүртгэн гэрчилгээ олгосон нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа! Мөн сая 2022-03-31-нд УДШ-ийн 12-тоот тогтоолоор АН-ын ҮД-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн!
— С.Эрдэнэ (@serdenemn) April 14, 2022
Харин АН-ын гэрчилгээ Х.Баттулгад байгаа бөгөөд тус гэрчилгээнд тус намын даргаар С.Эрдэнэ гэсэн бүртгэл байдаг аж. Учир нь С.Эрдэнэ 2020 оны долдугаар сард АН-ын эрх үүргээ Ц.Туваанд хүлээлгэж өгөхдөө АН-ын гэрчилгээ болон тамгыг хүлээлгэж өгчээ. Иймд Ц.Туваанаас О.Цогтгэрэлд дамжиж явсаар өнөөдөр Х.Баттулга дээр ирээд байгаа аж.
-Х.БАТТУЛГЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГҮҮЛЭХИЙН ТУЛД УДШ-ИЙН ГАДНА ЖАГСААЛ БОЛЖ МАГАДГҮЙ-
Харин өчигдөр /2022.04.13/ АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэхээр УДШ-д материал хүргүүлэх үеэрээ зарим иргэд, “Х.Баттулыг АН-ын даргаар бүртгэхгүй бол АН-ын олон гишүүд шүүх дээр өөрсдөө ирнэ” гэж мэдэгдсэн. Мөн Х.Баттулгыг орон нутгаар тойрч, иргэдтэй уулзаж явахад ч энэ үгийг давтан хэлж байв. Энэ нь УДШ Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэхийн өмнөх өдрүүдэд тус шүүхийн гадна олон зуун иргэдийн жагсаал зохион байгуулагдаж магадгүй гэсэн үг юм. Харин УДШ-д өчигдөр ирсэн АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх материалтай танилцаад “бүрдүүлбэр дутуу” гэсэн шалтгаанаар буцааж магадгүй байна.