Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болсон. Энэ үеэр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хатуухан үг хэлжээ.
Тэрбээр “Ханшаа яаж зөв болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуул. Монгол Улс хэзээ хоёр ханштай явж ирсэн юм. Ханш импортын бараагаар дамжиж Монголд инфляци болж явж байгаа. Хэзээ бодлогуудаа зөв болгож юм, хэзээ хоёр ханшаа болих юм, ханшны байдлыг хэзээ тогтворжуулах юм. Ард түмэн үүнийг л асуугаад байна шүү дээ. Би бүлгийн хурал дээр Л.Халтар, Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж хэлсэн. Одоо дахиад хэлчихье. Хариуцлага тооцохгүй удах тусам энэ асуудал угжирна, хүндэрнэ. Мэддэг хүнээ тавихгүй бол мэдэхгүй хүмүүсийг явуулсаар байгаад улс орон дууслаа. Өнгөрсөн оны аравдугаар сард инфляци өснө шүү гэж хэлсээр байхад арга хэмжээ аваагүй” гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төв банкны хувьд мөнгөний бодлогоороо нийлүүлэлтийн шинжтэй инфляцид шууд арга хэмжээ авах боломжгүй” гэв.
Харин Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө одоо дахиад та үлгэрээ давтаж байна. Мөнгөний бодлого инфляцид нөлөөлөхгүй, хамаарахгүй гэж яаж амнаас чинь гарч байна аа. Чи бол эдийн засагч хүн биш. Хүнд өвчтэй хүнд мэргэжлийн эмч хагалгаа хийдэг болохоос Мэргэжлийн хяналтын байцаагч хийхгүй шүү дээ. Ийм буруу зүйл хийж явсаар байгаад улс орны эдийн засгийг унагааж байна шүү гэдгийг би удаа дараа хэлээд байгаа. Дахиад хэлнэ. Энэ байдлаараа бид нар үзэхгүй. Би чиний оронд байсан бол аль хэдийн өргөдлөө өгөөд Монголын төрөөс зайлна. Чи 3.4 сая хүний амьдралыг там болгочхоод яаж ичихгүй сууж чадаж байна” гэжээ.