АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж,  эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт ирүүлжээ

АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж,  эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт ирүүлжээ

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д оруулах гэж байгаа талаар мэдээлэл гарах болсон.

Тэгвэл энэ процесс хуулийн ямар дарааллаар явагддаг болохыг хуульчаас тодруулахад "Мөрдөх байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт гаргаж, прокурор түүнийг үндэслэлтэй гэж үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна.

Хэрэв УИХ-ын гишүүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг мөрдөх байгууллагаас Улсын ерөнхий прокурорт ирүүлнэ. 

Улсын ерөнхий прокурор Мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг хянаж, УИХ-ын гишүүн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудыг үндэслэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулдаг" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж,  эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт ирүүлснээс Б.Жаргалсайхан прокурор чухам хэн гэдэг гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулахаар болсон нь тодорхойгүй байна. Ташрамд өгүүлэхэд, хэрэв УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн тохиолдолд гишүүдийг жирийн иргэдийн адил цагдан хорих болон бусад арга хэмжээ авах боломж бүрдэх юм.