ХӨШИГНИЙ АРД: МАН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж, “Үнийн өсөлттэй тэмцэхийн оронд өөр асуудлаар шоудлаа” гэжээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж, “Үнийн өсөлттэй тэмцэхийн оронд өөр асуудлаар шоудлаа” гэжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр /2022.04.12/-ийн хурлаар 2022 оны төсөвт тодотгол хийх шийдвэрийг гаргасан. Тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, төсвийн тодотголыг УИХ-д удахгүй өргөн барина гэж мэдэгдсэн байна.

-ТӨСӨВТ ТОДОТГОЛООР ӨӨРСДӨӨ ХЭМНЭСЭН БОЛЖ ТҮР АРГАЦААЯ ГЭЖЭЭ-

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд төсвийн тодотгол хийхийг дэмжсэн гэхээсээ илүүтэй зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрчээ.

Тиймдээ ч Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Г.Ганболд зэрэг хэд, хэдэн гишүүн ширүүхэн шүүмжлэлийг хэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг буруутгасан талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, тэд “Өнөөдөр гэр хороололд талхаа таллаж авч байгаа айл, өрх олон байна. Иргэд хоногийн хоолоо авч чадахаа болилоо. Хил, гааль хаалттайгаас шалтгаалан үнэ өссөн. Одоо валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан өсөлт дахин болохоор байна. Бидний асуудал бол үнийн өсөлтийг барих. Асуудал чинь тартагтаа туллаа. Цаашид ч үнэ өсч, 12 сар гэхэд нөхцөл байдал бүр хүндрэхээр байна. Засгийн газарт үнийн өсөлттэй тэмцэх нарийн төлөвлөгөө алга. Үнийн өсөлтөө барих ажлыг хийхийн оронд Хөгжлийн банк, ажлын хариуцлага ярьж шоудахаа боль. Шоу чинь ихсэж байна. Бидний өнөөдөр хийх хамгийн эхний ажил үнийн өсөлттэй тэмцэх, эдийн засгаа өөд татах шүү дээ” гэжээ.

Харин бусад гишүүдийн зүгээс ядаж эхний арга хэмжээгээ авч төсөвт тодотгол хийж түр торгооё. Түрдээ аргацаахаас өөр аргагүй. Өөрсдөө хэмнэж байгаа мэтээр хэсэгтээ торгоож иргэдийн бухимдлыг дарцгаая.

Боломжтой бол гурил, будаа, сахар нөөцөлсөн дээр гэжээ.  Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд бодит нөхцөл байдалтай эвлэрээд ажиллахаас өөр аргагүй гэх хариултыг өгсөн байна. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс хийдэг албан ёсны хэвлэлийн бага хурлын үеэр төсвийг хэдэн төгрөгөөр тодотгох, хэдэн төрлийн хичнээн ажлыг танах гэж байгаагаа тодорхой хэлээгүй. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл тодорхой бус байна.

-ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХООС БУСАД АСУУДЛААР ШОУДАХ ХЭРЭГГҮЙ-

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэн яаралтай, хамгийн эхэнд хийх ажил бол үнийн хөөрөгдлийг зогсоох. Гэтэл тэрбээр тээр хойно, дараа нь хийж болох ажилтай зууралдаад “ХООЛОЙД ТУЛСАН”-уудаа орхиод байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Ажлаа хий” залуусын жагсаалын зорилго ч инфляцийг бууруулах, валютын ханшийн өсөлт, үнийн хөөрөгдлийг буулгахад чиглэж, энэ агуулгаар Засгийн газарт шаардлага тавьсан.

Гэтэл үүнийг Л.Оюун-Эрдэнэ ба түүний багийнхан шоу болгож, ард түмний зовлон жаргалын дундуур "Хөгжлийн банк, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах" тухай ярьж залуусын жагсаалыг зорилгыг саармагжуулсан байж магадгүй байгаа юм.

Удахгүй мах, гурил, шатахууны үнийн өсөлтийг барих хуулийг УИХ-аар хэлэлцэж, батална. Мөн төсвийн тодотголоор төрийн өмчит компаниудын зардлыг танаж, зарим хэрэгцээгүй олон даргыг халж, тансаг хэрэглээг хасна гэж буй. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг МАН-ын бүлгийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч яах ёстой талаар яг таг төлөвлөгөөгүй өчигдөр /2022.04.11/ таржээ.