Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга А.Ганбат өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Тэрбээр өргөдөлдөө “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. ЗХЖШ болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар өргөдлөө өгсөн А.Ганбатын оронд бригадын генерал Д.Ганзоригийг томилох бололтой.
Д.Ганзориг нь:
- 2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,
- 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
- 2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,
- 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,
- 2014 оны арваннэгдүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна. Тэрбээр ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжил дээшүүлсэн нэгэн ажээ.