ВИДЕО: ШШГЕГ-ын 461 дүгээр ангийн дэд хурандаа “шоронд хүн зодож, тамлаж байгаа” гэх бичлэг цацагдав

2022-04-06 13:55

ТОДРУУЛГА: Хоригдсон этгээдэд биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэснийг прокурор тогтоосон тул цагдаагийн байгууллага шалгаж байгаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа хорих 461 дүгээр ангийн дэд хурандаа Б нь “шоронд хүн зодож байгаа” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу 

Тэгвэл эл хэргийн талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр "Улаанбаатар хот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дэд дарга нь хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед хүч хэрэглэн халдсан, мөн алба хаагчийн тавьсан албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан.

Уг бичлэг нь тухайн хоригдогчийн гаргасан үйлдлийг таслан зогсоосох үеийн бичлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Прокурорын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Харин алба хаагчийн гаргасан үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна. Мөн хариуцлага тооцох болно" гэлээ. 

2022-04-06 08:58

ВИДЕО: ШШГЕГ-ын 461 дүгээр ангийн дэд хурандаа “шоронд хүн зодож, тамлаж байгаа” гэх бичлэг цацагдав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа хорих 461 дүгээр ангийн дэд хурандаа Б нь “шоронд хүн зодож байгаа” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ.

Тус бичлэгт албаны хувцастай эрэгтэй, гарыг нь ард нь гавласан байж болзошгүй нэгэн иргэнийг өшиглөх ажээ. Мөн бичлэг хийгдсэн он сар өдөр нь 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр байж болзошгүй байна. Учир нь 03-23-2022 Med 10:51: … гэжээ. Холбогдох хууль тогтоомжид цагдан хоригдож, ял шийтгэл эдэлж буй иргэнийг зодох,биед нь халдах нь хориотой байдаг байна. Мөн цаашлаад хүний гарыг нь гавлаад, биед нь халдах үйлдэл нь хүний эрхийн ноцтой зөрчил байж болзошгүй байна.