УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны зээлдэгч нартай нэр холбогдоод байгаа билээ.
Тиймээс МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нэр холбогдсон гишүүдийн намын гишүүнчлэлээс түр түдгэлзүүлж, шалгуулах ёстой. Хэрэв энэ нь хууль хяналтын байгууллагаар батлагдвал намаас хөөх болно" гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийг намын гишүүнчлэлээс түр түдгэлзүүлж шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Зарим нэгэн гишүүнтэй биечилж уулзсан. Мөн ХБ-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг ч гишүүнээсээ түр түдгэлзэж байгаад шалгуулах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга, удирдлагуудтай уулзаж, саналаа хэлсэн. Түүнчлэн хууль хяналтын байгууллага зохих арга хэмжээг авна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд Хөгжлийн банктай холбоотой болон аливаа асуудалд хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, мөн хэнийг ч хамгаалж, авч үлдэх зарчим барихгүй. Хуулийн дагуу шийдэх ёстой. Тиймээс ч эл асуудлыг ил болгосон" гэлээ.