ХААЛТТАЙ ХУРАЛДААН: Цөөн хэдэн гишүүний санал дутаж, УИХ-ыг тараасангүй гэж уурлажээ

ХААЛТТАЙ ХУРАЛДААН: Цөөн хэдэн гишүүний санал дутаж, УИХ-ыг тараасангүй гэж уурлажээ

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах, Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх болон Элчин сайдуудын томилгооны талаар хэлэлцсэн байна. Хуралдаан элдэв, хэрүүл маргаангүй ажил хэрэгч болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлын үеэр ширүүхэн үг хэлж, намаасаа гарна гэх байр, суурийг илэрхийлсэн Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр их тайван байсан байна.

-ОЛОН ГИШҮҮНИЙ ГАРЫН ҮСГИЙГ ЦУГЛУУЛЧИХААД ЦӨӨН ХЭДЭН ГИШҮҮНИЙ САНАЛААР УИХ-ЫГ ТАРААСАНГҮЙ ГЭЖЭЭ-

УИХ-ыг тараах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглууж, ээлжит бус сонгууль явуулах ажлыг гардан зохион байгуулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан өчигдрийн хуралдаанд оролцож бүлгийн гишүүддээ тайлан тавьсан байна. Тэрбээр “УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан. Энэ дагуу намын удирдах зөвлөл уг асуудлыг хэлэлцээд гишүүдээс байр, суурийг нь сонссон ч дэмжээгүй. Хуулийн дагуу 51 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөж болно. Гэтэл 51 гишүүний гарын үсэг бүрдээгүй. Мөн олон нийт дургүйцсэн. Нэгэнт гишүүдээс санал гарсан учир 2020 оны УИХ-ын сонгуулийг зургаан сараар наашлуулж, ард нийтийн санал асуулгатай хамтатган явуулснаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх боломжтой байсан. Нэгэнт УИХ-ын гишүүд болон ард нийтээс дэмжлэг авч чадаагүй  учраас  уг асуудлыг дахин сөхөхгүй” гэж ярьжээ.

Харин МАН-ын бүлгийн зарим гишүүд “УИХ-ыг тараах бичигт нэгэнтээ гарын үсэг зуруулчихаад цөөн хэдэн гишүүний саналаар бусад олон гишүүний  итгэл үнэмшлийг үгүй хийлээ. Нэгэнтээ  олон гишүүний гарын үсгийг цуглуулчихаад УИХ-ыг тараах асуудлыг хөндөх байсан” хэмээн уурлажээ.

-АН-ТАЙ ЗӨВШИЛЦӨӨД ҮР ДҮНГҮЙ ГЭВ-

Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхээр энэ долоо хоногтоо шийдвэрлэнэ гэдэг байр, сууринд нэгдсэн. Уг асуудлаар зөвшилцөх саналыг АН-аас ирүүлсэн байна. Тиймээс АН-тай зөвшилцөж байж уг асуудлаар эцсийн шийдвэр гаргахаар болжээ.

Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүд нэгэнт Ард нийтийн санал асуулга явуулах байр, суурьтай байгаа юм  чинь АН-тай зөвшилцөх шаардлага  байна уу. Үр дүнд хүрэхгүй болов уу гэдгийг сануулсан байна.

-ЭЛЧИН САЙДУУДЫГ ДАРУЙХАН ТОМИЛОХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХ ГЭЭД БАЙНА-

Хамгийн сүүлд гаднын оронд суугаа дипломатуудын асуудлыг АББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөндөж бүлгийн хуралдаа танилцуулжээ. Тэрбээр ойрын хугацаанд Элчин сайдуудаа томилох  шаардлагатай байна. Гадаад харилцаа эзгүйдлээ, ирэх аравдугаар 13-ны өдөр Монгол улс саарал жагсаалтад орох эсэх нь тодорхой болно. Эдийн засгийн хувьд саарал жагсаалтад орвол нөхцөл байдал хүндэрнэ. Түүнээс өмнө гадны улсуудад суух Элчин сайдуудаа томилж, Монгол улсыг төлөөлөлтэй  болгомоор байна. Сараал жагсаалтад орох асуудлаас  болгоомжилж урьдчилан бэлдмээр байна хэмээн захижээ. Үүнийг ч бүлгийн гишүүд дэмжсэн байна.