Өнөөдөр /2019.09.30/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Т.Аюурсайхан “Дипломат албанд ажиллаж байсан 69 иргэнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Мөн зургаан албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөлж эх оронд нь эргүүлэн авчирсан. Цагдаад шалгагдаж буй 69 иргэний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь төрийн албанд, тэр ч бүү хэл улстөрийн нам удирдах хэмжээнд ажиллаж байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон дипломат албаны хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийг хуулийн байгууллагад өгсөн” гэлээ.
Дипломат албанаас чөлөөлөгдсөн зургаан хүний нэр:
1. Х.Даваадорж /Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан/
2. Б.Болор /Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа/
3. А.Батсайхан /БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа/
4. Д.Мөнх-Эрдэнэ /БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон/
5. Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар /Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан/
6. С.Эрдэнэ /2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан/ нар багтаж байна.