МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг болон хуралдааны зохион байгуулалт холбоотой асуудлаар түлхүүтэй ярилцжээ.
Тодруулбал, өнөөдөр үдээс хойш ээлжит бус чуулганыг хааж маргааш намрын ээлжит чуулганыг нээх аж. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд, тус асуудлаар АН –ын зөвлөл зөвшилцөх санал тавьсны дагуу зөвшилцсөний дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Мөн Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газартай уулзах шаардлагатай байна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодотголоо.
Тэрбээр “Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тийм учраас зөвшилцөж, ярилцах чиглэл рүү нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг бүлгийн гишүүдийн олонх үзлээ. Хоригийн хугацаа Баасан гаригт дуусна. Үүнээс өмнө зөвшилцөж шийдвэрээ гаргана” гэв.
Харин ээлжит бус сонгуулийг явуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан гэх асуудлаар мөн бүлэг дээрээ санал солилцжээ. Тус асуудлыг албан ёсны бус, парламентыг тогтвортой байлгах, парламент дахь ёсыг төлөвшүүлэх чиглэлд энэ УИХ үүрэг хүлээж ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүдийн олонх хэлсэн байна.