МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж тохирчээ

МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж тохирчээ

Өнгөрсөн долоо хоногт хорьхон гишүүн цуглан ирц нь бүрдэж чадаагүй МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар ард нийтийн санал асуулга явуулах асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээж авах эсэх болон санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах уу гэдэг хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт цугласан хорин гишүүн нь Ээлжит бус сонгууль явуулах асуудлаар ширүүхэн маргаад салсан. Тус хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож өнгөрсөн өдрүүдэд гишүүдтэй хийсэн уулзалт, тэдний санал бодол хэрхэн байсан талаар тайлагнасан. Тэрбээр ээлжит бус сонгууль явуулахыг дэмжих гарын үсэг 51 хүрэхгүй байгаа, мөн МАН дотор олон гишүүд эсэргүүцэж байгаа учраас ээлжит бус сонгууль дэмжлэг авахгүй байгааг гишүүддээ дуулгажээ.

Тиймээс тус намын бүлэг ээлжит бус сонгууль явуулах асуудлаар одоохондоо цагаан тугаа өргөжээ. Учир нь, УИХ-ыг тараахыг дэмжсэн гишүүдийн гарын үсэг 51 хүрэхгүй байна. Хоёрдугаарт, ээлжит бус сонгууль явуулахыг иргэд, олон нийт маш их эсэргүүцсэн. Тиймээс МАН-ын бүлэг ээлжит бус сонгууль явуулахгүй байх шийдвэрт урьдчилсан байдлаар нэгдсэн гэх.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу гэдэг нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бүлэг өнөөдөр эл асуудлыг хэлэлцээд хүлээж авахгүй гэдэг шийдвэрийг гаргах сурагтай байна. Учир нь Ард нийтийн санал асуулгыг явуулах зайлшгүй шаардлага бий. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар шат хүртэл нь хэлэлцсэн. Үргэлжлүүлэн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлахын тулд наана нь зайлшгүй ард түмнээс асуух хэрэг бий. Учир нь нэг нам хэт олонх буюу 65 уулаа Үндсэн хуулийг өөрчлөх нь өрөөсгөл хожмоо шүүмжлэл дагуулж мэдэх эрсдэлтэй учраас Үндсэн хууль өөрчлөхийг ард түмэн л зөвшөөрсөн шүү дээ гэж ам таглах үгтэй байхын тулд тэд ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Нөгөөтэйгүүр тэднийг УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг ард нийтийн санал асулгатай хамтатган явуулахаар мунгинах зуурт Ерөнхийлөгчийн зүгээс  улс төрийн ямар ч тоглолт ирж мэдэх учраас болгоомж байгаа гэдгийг илэрхийлэх хүмүүс байна.

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит бус чуулган эхэлж байна. 2020 оны улсын төсвөөс эхлээд хэлэлцэх асуудал олон. Үүний хажуугаар Ард нийтийн санал асуулга явуулах өдрийн тов, зохион байгуулалтад зарцуулагдах мөнгөн дүнг тодорхой болгох ажлын хэсэг ч мөн хуралдаж эдгээр асуудлыг шийдвэрлэхээр товлоод байна.