ВИДЕО: Өмнөговиос үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олборлож, өндөр үнээр зарахаар Улаанбаатарт авч ирээд байхад нь илрүүлжээ

ВИДЕО: Өмнөговиос үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олборлож, өндөр үнээр зарахаар Улаанбаатарт авч ирээд байхад нь илрүүлжээ

Палеонтологийн олдвор болох бүтэн үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар бусдад өндөр үнээр зарахаар Улаанбаатар руу тээвэрлэж байсан иргэдийг илрүүлжээ.

ВИДЕО: 

Тодруулбал, Өмнөговь аймгийн харьяат иргэн Б, М, Ч, Б, Ө нар нь палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын ясыг бусдад өндөр үнээр борлуулах гэж байсан үйлдлийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн байна.

Тус олдвор нь одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс гэх үлэг гүрвэлийн олдвор байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Палеонтологийн хүрээлэнгийн Бүртгэл мэдээллийн санч Д.Идэрсайханаас олдворын талаар тодруулахад “Экологийн цагдаагийн газраас ирүүлсэн олдворын гадна талын бүрээсийг авч, эхний байдлаар шинжилж үзэхэд 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлтэй протоцератопс гэх үлэг гүрвэл байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Палентологийн хүрээлэн үлэг гүрвэлийн олворыг үргэлжлүүлэн судлаж байгаа. Тус олдворын 80 орчим хувь бүтэн байх магадлалтай байна.

Харин хууль бус олборлолтын явцад олдворыг нэлээд гэмтээсэн байсан. Тухайлбал олдворын толгой, аарцагны хэсэг нэлээд эвдрэлтэй болсон байна.

Тиймээс бид сэргээн засах, нөхөх ажил хийж байгаа. Хууль бус малтлага хийх явцад гэмтээсэн гэж урьдчилсан байдлаар үзээд байгаа” гэдгийг онцоллоо.

Палеонтологийн олдворыг хууль бусаар олборлож, бусдад худалдан борлуулах гэж байсан этгээдүүдийн талаар болон дээрх тохиолдолд хуулийн ямар арга хэмжээ авдаг талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Лхамаас лавлахад “Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн албанаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хэсэг бүлэг хүмүүс палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн ясыг тээвэрлэн, хадгалж байна.

Улаанбаатар руу оруулж ирэх гэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж, дээрх хэргийг илрүүлсэн.

Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар харицлага хүлээлгэнэ. Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл 1-5 жилийн хугацаатай хорих, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуультай” гэв.

Сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олборлож, зарж борлуулах гэмт хэрэг үйлдэгдэх нь ховордоод байсан. Гэвч өдгөө энэ мэтээр бүртгэгдэх болсон гэдгийг албаныхан онцолж байна. Харин гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага төлбөртэйгээ авдаг аж. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсвэл үйлдсэн тухай мэдээллийг 50-2 сая, эрэн сурвалжлагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээллийг 2 сая төгрөгөөр үнэлж авдаг байна.