Б.Энхбаяр: Дамбын Хишигээ гэх нөхөр хэний шийдвэрээр Хөшигийн хөндийд олон зуун га газар авсан юм

Б.Энхбаяр: Дамбын Хишигээ гэх нөхөр хэний шийдвэрээр Хөшигийн хөндийд олон зуун га газар авсан юм

УИХ-ын Төрийн байгуулалт  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг давхар орлож байгаа Б.Жавхлан танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дамбын Хишигээ гэж нөхөр  Хөшигийн хөндийдмаш том газар авсан. Эдийн засгийн чөлөөт бүс болонгуут энэ газраа улсад зарах гээд байна гэж ойлгосон. Энэ нөхөр хэдэн га газар авчхаад хэдэн төгрөгөөр улсад зарах гээд байна вэ.

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах 31 мянган га газарт Дамбын Хишигээгийн 500 га газар бий. Гурван шатны шүүхийн шийдвэрээр тус аж ахуй нэгж 41 хэсэгт газар олголт хийсэн юм байна лээ. Шүүхээс газар маргаангүй, тус аж ахуй нэгжийг үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Бидэнтэй уулзаж энэ асуудлаа танилцуулсан. Өөрсдөө хэлэхдээ, Засгийн газраас гаргасан ерөнхий төлөвлөлттэй уялдуулж төлөвлөгөө гаргаж ажиллах боломжтой гэсэн. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дамбын Хишигээ аймгийн Засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Эсвэл Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр авдаг юм уу. Мэдээлэлд ойр байдлаа ашиглаад газар авчихсан. Монгол улс бүтээн байгуулалтын ажлаа хийх гээд байдаг. Гэтэл энэ нөхөр улсын газрыг улсад нь зарах гээд байдаг. Ингээд шүүхээр өөртөө шийдвэр гаргуулдаг. Энэ хүн хэдэн төгрөгөөр газраа зарах гээд байдаг юм. 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Дамбын Хишигээ өөрөө хэлэхдээ, "Засгийн газар бодлогоороо төлөвлөлт хийгээд бүтээн байгуулалт хийвэл миний газрыг бүтэн авч болно" гэдэг. Гэхдээ надтай үнэ яриагүй. Өөрсдөө хот төлөвлөлтөд оролцоод явах хүсэлтэй. Мөн залуучуудын хот байгуулах аятайхан төсөлтэй байна лээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө

ЭМГЭНЭЛ

17 цагийн өмнө