Францын ерөнхийлөгч шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлчийг хамгаалахаа мэдэгджээ

Францын ерөнхийлөгч шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлчийг хамгаалахаа мэдэгджээ

Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова Даваа гараг /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "ДАЙН БОЛОХГҮЙ. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барьсан нь ОХУ даяар таван секунд орчим цацагдсан юм. Үүний дараа Марина Овсянниковаг баривчилж, Москва хотын цагдаагийн газарт саатуулсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сэтгүүлч М.Овсянниковаг хамгаална гэж мэдэгджээ. Тэрбээр Луар мужид хийсэн уулзалтын үеэр  “Бид М.Овсянниковаг хамгаалах хүчин чармайлтаа ЭСЯ-аар дамжуулж эхлүүлнэ. В.Путинтай яриа хэлэлцээр хийвэл энэ талаар маш тодорхой, шууд санал тавих боломж ч надад олдоно” гэж Э.Макрон хэлжээ.

Барууны хэвлэлүүдэд Мария Овсянниковаг олон жилийн ялаар шийтгүүлэх эрсдэлтэй тулгарсан хэмээн бичиж буй. Учир нь ОХУ Украины асуудлаар олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тараасан этгээдийг хатуу чанга шийтгэх, мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авч байх хуулийг саяхан баталсан юм.