Өнөөдөр КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэй хэлэлцэх, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Медипас эмнэлгийг төрд буцааж авсан нь зөв. Гэхдээ Медипасыг Эрдэнэт үйлдвэрт өгөөд ямар нэмэртэй юм бэ" гэж асуусан юмв
Харин Шадар сайд С.Амарсайхан, "Медипас эмнэлгийг төр буцааж авсан. Дээр нь 50 айлын орон сууц, дотор байдаг машины 24 зогсоол, 12.7 тэрбум төгрөгийг Эрдэнэтээс хулгай луйвраар авчихсан схемийг таслан зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр босгосон тул Медипасыг буцааж өгсөн. Төрийн өмчийн хорооны шийдвэрээр ЭМЯ-нд хариуцуулаад бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгосон. Цаашид улам сайжруулж ажиллахыг ЭМЯ-ны сайдад чиглэл өгсөн. Ковидод зориулсан төсвийн талаар Сангийн яаманд чиглэл өгч аудит оруулахаар болсон. Өнгөрсөн 2020 оноос хойших ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн гадаад, дотоодын зээл тусламж, худалдан авалтад бүрэн хэмжээний аудит оруулж ЗГ, Их хуралд мэдээлэхээр болсон. Эрүүл мэндийн яам, Сангийн сайд нар дараа нь олон нийтэд мэдээлэл хийнэ" гэю.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсын хувьд улбар шар түвшнээс шар түвшинд шилжсэн. Одоо бид 4 дэх давлагааг даван туулж байна. Цаашид ямар байхыг таах аргагүй. Хувь хүмүүс, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Бидэн одоо вакцины 1.8 сая тун нөөц байна. Үүнээс 1.2 сая файзер вакцин байна. Манай улсын хувьд нийтдээ 50 удаагийн таталтаар 8.3 сая тун вакцин татан авсан. Хоёрдугаар эмнэлгийн эмчилгээ, оношилгооны асуудал бол төсөл хэрэгжих явцад тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Хоёрдугаар эмнэлгийн харьяанд шилжүүлж өргөтгөл байдлаар ашиглаж байгаа. Тэнд байгаа тоног төхөөрөмж нь хувийн эмнэлгүүдийн адил орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Медипас эмнэлгийн тоног төхөөрөмж 8 жилийн өмнө суурилуулсан. Тухайн үедээ өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжтэй байсан. Гэхдээ одоо бол Орхоны бүсийн оношилгооны төв нь Медипастай харьцуулахад өндөр хүчин чадалтай" гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Цар тахлын бодлого хэр оновчтой байсан талаар дунд шатны судалгаа хийсэн үү. Менингокийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ" гэж тодуулав. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Улирлын чанартай өвчин тул нэмж эмнэлэг барих шаардлагагүй. Оргил үе нь 5-7 хоног байдаг. Харин хүний нөөцөө бэлдэж, орны зохицуулалт хийнэ. 11 сарын дундаас томуу, томуу төст өвчин эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийг хөл хорио тогтоохгүй. Мөн манайд ДЭМБ-аас ковидын хөндлөнгийн үнэлгээ хийгдэж байгаа" гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан, "Ковид гарснаас хойш таван арга хэмжээ авч ажилласан. Үүнд, эрүүл мэндээ хамгаалах, тархалтыг хумих, нас баралтаас хамгаалах, эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах, дасан зохицох, хамгийн сүүлд шар түвшинд шилжиж дараагийн тархаж болох хувилбараас урьдчилан сэргийлэх гэсэн таван арга хэмжээг авч ажилласан. Одоо цаашид, хүний нөөцөө бүрдүүлэх, чадваржуулах, эм тарианы ханган нийлүүлэлт, гадаадаас авдаг эм, тариаг 2 сарын нөөцтэй байх, дотоодын нөөцийг хагас жилээр бүрдүүлэх талаар ЭМЯ-нд сануулж хэлж байгаа" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Цар тахлын төсвийн санхүүгийн ил тод байдал эхнээсээ ил тод байсангүй. Харин одоо л аудит ярьж байна. Аудит үнэн зөв гаргах тал дээр ажиллах хэрэгтэй байна. Яагаад Медипас эмнэлгийн асуудал дээр яагаад хариуцлага тооцохгүй байна вэ" гэж асуув.
Харин Шадар сайд С.Амарсайхан, "Хариуцлагын асуудал бүх шатанд яригдах ёстой. Яригдаж байна. Ялангуяа дунд шатанд хатуухан ярина. Хатуухан арга хэмжээ авахгүй бол төрийн түшээ засгийн газрын гишүүдийг суудал бөглөж суухгүй байх дээр анхаарал хандуулж ажиллаж байна. Тухайн үедээ 49 сая доллар буюу өнөөдрийн ханшаар 130 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлэг. Нэмээд 50 айлын орон сууц. Энэ бол нэг ТҮЦ хулгайлаад явж байгаа хэрэг биш. Төрийг доромжлоод эргүүлээд 30 сая доллар нэхэмжлээд явж байна. Энэ хэрэгт эдэлгээ, хорогдол тооцогдох ёстой. Энэ нь бол наад захын хулгай. Цаана нь ард түмний мэдэхгүй хулгай байгаа. Төр нь мэдсэн ч мэдээгүй царайлаад яваад байгаа. Үүнтэй адил цар тахлын үеийн төсөв дээр нэг бүрчлэн анхаарч ажиллах ёстой" гэлээ.