ТОВЧ ТОЙМ: Ээлжит бус сонгуулийн дараа ЖДҮ-чин гишүүд шоронд явах уу

ТОВЧ ТОЙМ: Ээлжит бус сонгуулийн дараа ЖДҮ-чин гишүүд шоронд явах уу

Парламентыг тараах бичигт МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн гарын үсгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан цуглуулж эхэлсэн. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2-д “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ” гэж заажээ.

- ГЭМТ ХЭРГЭЭС МУЛТАЛНА, ТОЙРОГ ӨГНӨ ГЭЖ
ЗАРИМ ГИШҮҮДЭД АМЛАСАН УУ-

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар парламент тарах бол “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн үндэслэл хэрэгтэй болно.Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдийг “Холбогдсон хэргээс чинь мултална”, “УИХ-д дахин дэвшүүлж тойрог өгнө” хэмээн амлаж, гарын үсэг зуруулж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд тус намын ЕНБД Д.Амарбаясгалан оролцож,

“ҮХНӨ-ийн төслийг дэмжээгүй гишүүдийг 2020 оны сонгуульд  МАН-аас нэр дэвшүүлэхгүй” гэж бүлгийн гишүүддээ тулгалт хийсэн гэдэг.

Ингээд парламентыг тарааж, ард нийтийн санал асуулгатай хамтад нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэдэг Мөн энэ удаагийн парламентад суугаа МАН-ын бүлгийн гишүүд Концесс, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн зээл, хүчин, хүний амины хэрэг зэрэгт холбогдсон.Энэ тухай Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч хэлсэн удаа бий.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЖДҮ-ИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ
ЭВЛЭРЭХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ-

Харин энэ долоо хоногийн Пүрэв гарагт болсон Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум”-д Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулсан илгээлтэд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй” гэж мэдэгдсэн юм. Иймд УИХ-ын ЖДҮ-чин гишүүдэд дахин сонгогдох бус шоронд явах сонголт л үлдсэн бололтой.

Б.БАТЗОРИГ НАРЫН ГИШҮҮД ЭЭЛЖИТ БУС
СОНГУУЛИЙН ДАРАА ЯЛЛАГДАХ УУ-

ЖДҮХС-аас зээл УИХ-ын 49 гишүүн зээл авсан тухай мэдээлэл байдаг. Эдгээрээс 10 орчим гишүүн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч Наймдугаар сард мэдээлэл хийж, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан УИХ-ын гишүүдийн үйлдэл тогтоогдсон гэж мэдэгдсэн юм. 

Эдгээрт, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Л.Энхболд, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэр багтсан тухай зарим хэвлэл мэдээлсэн байдаг.

Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  УИХ-ын гишүүнийхээ  бүрэн эрхийг барьцаалан зээл авсан, Г.Солтан  зээлийн мөнгийг уул уурхайн салбарт оруулсан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлүүдийг прокурор дурьдаж байсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн байж болзошгүй.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн н.Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн.Тэрбээр “Өгөөдэй Ази ” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээллүүдийг хэвлэлүүд мэдээлж байсан. 

Мөн УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд асан Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татан шалгаж байгаа.Түүнд Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэн, 8 жил хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл байна.Иймд УИХ-ын ээлжит бус сонгууль зарлагдвал ЖДҮ-чин УИХ-ын гишүүдэд сонгуульд бус шоронд явах сонголт үлдсэн бололтой.