Улаанбаатар хотын үе үеийн дарга нар замбараагүй газар олгосны улмаас авто зогсоолын хүрэлцээ муу байгааг хүн бүр ярих болсон. Тэгвэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолоос болж маргалдан, нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ гуравдугаар сарын 12-ны өдөр /2022.03.12/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн өргөө” хотхоны … дугаар байрны гадна “хүн нас барсан байна” гэх дуудлага хуулийн байгууллагад иржээ.
Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиход тус хотхонд оршин суух хаягтай иргэн 57 настай Б-г мөн тус байрны оршин суугч 38 настай Ч нь “автомашины зогсоолоос болж маргалдан” гараараа хоолойг нь боож, газарт унаган зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Ч-г цагдан хорьж, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг “тайван, бусдад хүлээцтэй” байж, хэн нэгэнтэй муудалдцахаас сэргийлэхийг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.