ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 3 дугаар сарын 8-ны өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүддээ баяр хүргэх үеэрээ, “Цэргийн алба хааж байгаа хугацаат цэргүүд /1 жилийн/-ийг байлдааны ажиллагаанд оролцуулаагүй. Тэнд зөвхөн мэргэжлийн цэргийн албан хаагчид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Гэтэл ОХУ-ын хугацаат цэргийн алба хаагчид Украины армид баривчлагдсан тухай мэдээлэл гарсан юм. Иймд өчигдөр /2022.03.09/ ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийж тус асуудал “үнэн” гэдгийг баталсан байна.
Тодруулбал, тус яамны мэдээлэлд, “Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулахад оролцсон Оросын зэвсэгт хүчний ангиудад хугацаат цэргийн алба хаагчид байсан тухай хэд хэдэн баримт ирсэн. Тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид Украины талд олзлогдсон байна. Одоогоор хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны бүсэд явуулахгүй байх, олзлогдсон цэргийн алба хаагчдыг суллах зэрэг цогц арга хэмжээг авч байна” гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хугацаат цэргүүдийг байлдааны ажиллагаанд явуулсан буруутныг даруй илрүүлж, хатуу цээрлүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: Varlamov news